Г.Батхүү: Хариуцлагын механизм зөв байх ёстой
Монгол Улсын Их Хурлын чуулганы өчигдөрийн /2015.04.09.Пүрэв гараг/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгэ нар танилцуулав.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд орсон удаа дараагийн нэмэлт, өөрчлөлтөөр олон зүйл, заалт хүчингүй болж хамрах хүрээ нь багассан, 1999 оны өөрчлөлтөөр хүчингүй болсон зүйл, заалтууд 2001 оны хуулиар буцаан сэргээгдэж, 2008 оны хуулиар зарим нь дахин хүчингүй болсон зэргээр хуулийн бүтэц, уялдаа алдагдахад хүрсэн , түүнчлэн хуулийн үзэл баримтлал, агуулгад бүрэн хэмжээний өөрчлөлт оруулах шаардлагын үүднээс тус хуулийг шинэчлэн найруулахаар хуулийн төслийг боловсруулсан байна. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, олон улсын жишигт нийцүүлэх, замын хөдөлгөөний зохион байгуулалт, хөдөлгөөний аюулгүй байдлыг хаггахад чиглэсэн төрийн бодлого, зохицуулалтыг шинэ түвшинд хүргэх, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, осол, хэрэг, зөрчлийн тоог бууруулах, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эрх ашгийг хамгаалахад чиглэсэн үзэл баримтлалын томоохон өөрчлөлт, шинэчлэл, зохицуулалтуудыг тусгажээ. Манай улсад тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд эрчимтэй өсч, 2014 оны байдлаар улсын хэмжээнд бүртгэлтэй 674.869 автомашины 61.7 хувь буюу 416.360 автомашин нь нийслэл Улаанбаатар хотод бүртгэлтэй байгаа нь замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж, хөдөлгөөний эрчим суларч, түгжрэл саатал үүсэх нөхцлийг бүрдүүлж байгаа ажээ.
Хууль санаачлагчийн илтгэл болон Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Зоригт, Ц.Оюунбаатар, Л.Эрдэнэчимэг, Д.Тэрбишдага, Д.Лүндээжанцан, Ч.Хүрэлбаатар, Ё.Отгонбаяр нар асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.
Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунбаатар, иргэдэд замын хөдөлгөөний боловсрол олгох асуудалд анхаарал тавьж, зорчигчийн замын хөдөлгөөнд орох асуудлыг хуульчилж өгөх ёстой. Түүнчлэн нийтийн эрх ашгийн төлөө хэвлэл мэдээллийн байгууллагууд байнгын цуврал сургалт явуулах шаардлагатай байгаа тул асуудлыг хуулинд тусгах талаар анхаарал хандуулах хэрэгтэй гэсэн байр суурьтай байсан бол Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, зам тээврийн гэмт, хэрэг зөрчлийн статистик тоо, баримтыг жил бүр гаргахдаа энэ жил гэмт хэргийн улмаас тэдэн тооны хүн нас барсан, эсвэл буурсан гэсэн үзүүлэлтийг гаргадаг. Энэ нь дасал болчихоод байгаа юм. Харин олон жилийн статистиктаар гаргах тоон үзүүлэлтэд зам тээврийн зөрчлийн хэмжээ аймаг, сумын хэмжээнд хүрэхээр гарна гэдэгт анхаарах хэрэгтэй гэв.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар, жолооны үнэмлэхийг заавал 10 жилийн хугацаатай гэж заасан байна. Хүн ямар нэг зөрчил гаргахгүй бол заавал 10 жил болоод шалгалт өгөх ямар шаардлагатай юм. Олон улсын жолооны үнэмлэх монголд хүчингүй гэж байна. Тэгвэл заавал олон улсын жолооны үнэмлэхээр монголд яах болж байна гэдгийг тодотгож байсан юм. Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг, өнөөдөр хоногт 80-100 согтуу жолооч цагдаагийн газарт бүртгэгдэж байгаа. Энэ нь баригдаж байгаа хүмүүсийн 40 хувь нь . Машины бөглөрөл ихтэй үед цагдаа нар тэр бүр машин болгоныг шалгаж чадахгүй. Согтуугуур машин бариад баригдсан бол эхний удаад сая төгрөгийн торгууль ногдуулах, давтан үйлдсэн бол эрүүгийн хэрэг үүсгэх хариуцлага хүлээлгэх ёстойг хэлж хуулийн төсөлд согтуугаар машин жолоодсон иргэнд ямар хариуцлага тооцохоор туссан талаар тодотгов.
Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү, монголд хэрэгжүүлэх боломжтой зургаан орны ижил төстэй замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг авч үзээд түүнээс монголд шууд хэрэгжүүлэх боломжтойг шууд , монголын нөхцөлд зохицуулж хэрэгжүүлэх боломжтойг нь зохицуулсан маягаар хуулийн төслийг боловсруулсан. Жишээ нь Япон Улсад 70-аад онд замын хөдөлгөөний эрсдэл, тэр дундаа согтуугаар машин жолоодох явдал өндөр байсан. Иймд торгуулийн хэмжээгээ 400 ам.доллар хүртэл нэмэгдүүлснээр замын хөдөлгөөний зөрчил 80 орчим хүртэл хувиар буурсан туршлага байдаг юм билээ. Иймд хариуцлагын механизм зөв байх ёстой. Хуулийн төсөлд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр торгож, жолоодох эрхийг зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хасах шийтгэл хүлээлгэх хариуцлагыг оруулж өгсөн. Мөн нэгдсэн мэдээллийн сан байхгүй учраас нэг хүн өдөрт арван удаа дүрэм зөрчсөн ч авдаг хариуцлага нь ижилхэн, нэг хүн хэдэн удаа архи ууж эрүүлжүүлэгдсэн ч эдгээр асуудал нь тухайн байцаагчийн үзэмжээр шийдэгддэг тул энэ нь өөрөө олон зөрчил гаргасныхаа хэрээр ногдох торгууль, дүрэм зөрчсөнийхөө тоогоор нэмэгдэх торгуулийн хэмжээ, үүрэг хариуцлагын хэмжээ мэдэгдэхгүй байсныг мэдээллийн сүлжээтэй болгож хариуцлагын механизмыг өсөн нэмэгдэх чиглэлээр тодорхойлсон гэлээ. Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэрл, өнөөдөр монголын 3 сая иргэн, үүний дотор өлгийтэй хүүхэд ч тэврүүлээд замын хөдөлгөөнд оролцож байгаа. Г.Батхүү гишүүн, ажлын хэсэг энэ хуулийн төсөлд үнэхээр хөдөлмөр гаргаж ажилласан. Торгуулийн хэмжээний доод хэмжээ 1000 төгрөг байсан бол 10000 төгрөгт хүрсэн. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу таван хувьтай тэнцэх торгуулиар торгуулна гэсэн үг. Хариуцлагын механизмыг чангатгаж өгсөн. Монгол хүн бүртэй холбоотой энэ хуулийн төслийг дараалал харгалзахгүйгээр хаврын чуулганы эхэнд оруулж тал талаас нь хэлэлцэж байгаад талархаж байна. Үүний дараа Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг оруулж ирээсэй гэж хүсч байна гэлээ. Ингээд хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжих нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 71,4 хувийн саналаар дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. Чуулганы хуралдаан үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.