Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 02, 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэх тухай асуудлыг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы анхны нэгдсэн хуралдаан өнөөдөр /2015.04.09.Пүрэв гараг/ 9 цаг 30 минутад 51.3 хувийн ирцтэй эхэлж, найман асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Хөрөнгө оруулалтын тухай, Монгол Улсын Их Хурлын тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай, Онц байдлын тухай, Хүний хөгжил сангийн тухай, Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 02 дугаар цэцийн дүгнэлтийн талаар хэлэлцэв. Энэ талаарх Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Наранчимэг танилцууллаа.
Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар нийслэлийн Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хорооны иргэн Р.Гончигдоржийн мэдээллийн дагуу Хөрөнгө оруулалтын тухай, Монгол Улсын Их Хурлын тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай, Онц байдлын тухай, Хүний хөгжил сангийн тухай, Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцээд эдгээр хуулийн холбогдох заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсгийн “Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонх нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ” гэснийг зөрчсөн байна гэж үзэж хуулийн тэдгээр заалтыг мөн өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэснийг тэрээр танилцуулав.
Харин Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж танилцуулсан юм. Хууль зүйн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцээд байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн байна. Байнгын хорооны хуралдаанд Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан тайлбар болон Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд оролцсон талаараа танилцуулжээ.
Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Ж.Батзандан Онц байдлын тухай хууль, Ард нийтийн санал асуулгын тухай хуультай холбоотой заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг хэсэгчлэн хүлээн авах боломжтой, Улсын Их Хурлаас зарим хуулиудад өндөр босго тогтооход цаг үеийн нөхцөл байдалд тохирохгүй заалтыг өөрчлөх, гаргасан алдаагаа засах боломж олдохгүй тал байгаа, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж ард нийтийн санал асуулгаар шийдсэн асуудлыг аль нэг субьект дахин хянах асуудал байж болохгүй, ард түмний төрийн эрх барихад оролцож байгаа оролцоо нь ард нийтийн санал асуулга, сонгууль хоёр л байдаг, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин ард нийтийн санал асуулгын үр дүнг Улсын Их Хурал баталгаажуулах л үүрэгтэй байх ёстой, Үндсэн хуульд Улсын Их Хурал ямар асуудлыг ямар бүрэлдэхүүнтэй шийдэх вэ гэдгийг заачихаад ердийн хуулин дээр саналын хувь тавьж болохгүй гэсэн саналууд гаргажээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.3 дахь заалтыг үндэслэн “Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.10 дахь хэсэг “Энэ хуульд өөрчлөлт оруулах асуудлыг Улсын Их Хурлын гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар шийдвэрлэнэ.”, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэг “Анхдугаар чуулганаарэнэ хуулийн 14.3.7-д заасан асуудлаар санал хураалт явуулж, нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн бол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн батална.” гэсний “...нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь...” гэсэн нь, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6 дахь хэсэг “Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар энэ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.”, Онц байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “Онц байдал зарлах тухай Улсын Их Хурлын шийдвэрийг чуулганы хуралдаанд оролцсон нийт гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар батална.”, Хүний хөгжил сангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэг “Улсын Их Хурлын Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.”, Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг “Ард нийтийн санал асуулгаар шийдсэн асуудалд цаашид нэмэлт өөрчлөлт оруулах бол Улсын Их Хурлаар хэлэлцэж, нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн саналаар шийдвэрлэнэ.” гэсний “...нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн саналаар” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсэг “Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонх нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ.” гэснийг зөрчсөн байна гэсэн Yндсэн хуулийн цэцийн 2015 оны 02 дугаар дүгнэлтийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн тул холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулсан байна.
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж тодруулсан УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан, Ч.Хүрэлбаатар нарын асуултад Байнгын хорооны дарга Д.Ганбат хариулт өгсний дараа Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.10 дахь хэсэг, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6 дахь хэсэг, Хүний хөгжил сангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэг, Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн гэснийг 51-66 хувийн саналаар дэмжив. Харин Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэг, Онц байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн гэснийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хүлээн зөвшөөрөхийг дэмжсэнгүй. Ингээд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан зарим хуулийн холбогдох заалтыг хүчингүйд тооцох тухай хуулийн төслүүдийг баталлаа.
Дараа нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалт үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцэв. Энэ талаарх Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонго танилцуулав.
Үндсэн хуулийн цэц Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалтад “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гаргах ...”, гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4/ дэх заалтад “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах;”, Тавин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын дээд шүүх Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ.” гэснийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцээд Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг гаргажээ.
Харин Хууль зүйн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж танилцуулсан юм.
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, О.Баасанхүү, Ё.Отгонбаяр, С.Баярцогт, Л.Цог нар Байнгын хорооны даргаас асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. Мөн Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин гишүүдийн асуултад зарим нэмэлт тайлбар өгсөн юм.
Ингээд Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авч чадсангүй. Мөн Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төслийг батлах санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 60 гишүүний 30 нь дэмжиж, 30 нь татгалзсан санал өгч, гишүүдийн олонхын дэмжлэг авсангүй. Тиймээс Хууль зүйн байнгын хороо асуудлыг дахин ярилцаж шийдвэрийн төсөл оруулж ирж хэлэлцүүлэхийг УИХ-ын дарга үүрэг болголоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.