Захиргааны ерөнхий болон холбогдох бусад хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

2015 оны 4 сарын 09

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015.04.09.Пүрэв гараг/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан боловсруулж энэ оны 2 дугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн Захиргааны ерөнхий болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нар танилцуулав.

Монгол Улсын хэмжээнд захиргааны чиглэлийн үйл ажиллагааг зохицуулсан 250 гаруй хууль хүчин төгөлдөр үйлчилж байна. Манай улсад захиргааны үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хэрэгжиж эхлээд 11, Захиргааны хэргийн шүүх үйл ажиллагаагаа явуулж эхлээд 9 жилийн хугацаа өнгөрөөд байна. Энэ хугацаанд төрийн байгууллага хуулиа дээдэлж ажиллах, иргэд, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдвөл гаргасан шийдвэр хүчингүй болдог гэсэн уур амьсгалыг энэ хуулийн хэрэгжилт, Захиргааны хэргийн шүүхийн тусламжтайгаар бүрдүүлж чадсан.

Гэвч өнөөдрийг хүртэл төрийн захиргааны үйл ажиллагааг зохицуулсан салбар хуулиудын хүрээнд нийтлэг асуудлуудыг нэгтгэн зохицуулсан суурь хуулийг батлан гаргаагүй байна. Иймээс дээрх асуудлыг зохицуулах үүднээс захиргааны байгууллагын үйл ажиллагааны талаарх ерөнхий болон процессын нийтлэг харилцааг зохицуулсан хуулийн төслийг боловсруулан батлуулах зайлшгүй шаардлагыг үндэслэн энэ хуулийн төслийг боловсруулсан гэдгээ Ерөнхийлөгчийн зөвлөх танилцуулгадаа дурдав.

Уг хуулийн төсөл нь 11 бүлэг, 108 зүйлтэй юм. Хуулийн төсөлд захиргааны байгууллагаас иргэдтэй харилцах суурь харилцааг нэгдсэн стандартад оруулахаар тусгажээ. Ингэснээр төр, иргэний хоорондын харилцаанд суурь зохицуулалт бий болж иргэдийн эрх, хууль ёсны эрх ашиг сонирхол хамгаалагдах боломж бүрдэнэ гэж төсөл санаачлагч үзэж байгаа аж. Мөн захиргааны байгууллагаас иргэдтэй харилцах чиглэлээр гаргаж буй захиргааны шийдвэр нь захиргааны акт, гэрээ, захиргааны хэм хэмжээний акт гэсэн гурван төрөлтэй байхаар тусгажээ. Түүнчлэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар хориглогдсон этгээд нь захиргааны байгууллагыг төлөөлж захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцохгүй байхаар зохицуулжээ.

Захиргааны байгууллагуудын хоорондын харилцааг хуульчилж өгснөөр захиргааны байгууллага иргэдэд ил тод, хөнгөн шуурхай үйлчлэх үүрэгт хүлээх юм байна. Мөн захиргааны шийдвэр гаргахдаа тухайн шийдвэрт эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болох оролцогчийг сонсох, тэдний хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмын хүрээнд тодорхой зохицуулалтыг тусгажээ. Тухайлахад, оролцогч нь захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцоход хууль зүйн болон бусад мэргэжлийн туслалцаа авах эрхтэй байх аж.

Захиргааны шийдвэрийн хувийн хэрэг үүсгэж захиргааны шийдвэр гаргахтай холбоотой бүхий л ажиллагааг захиргааны байгууллага бүрдүүлж, хадгалах, захиргааны байгууллага, албан тушаалтнаас тодорхой шийдвэр гаргахдаа хуулиар зөвшөөрөгдсөн хувилбаруудаас аль нэгийг ашиглах боломжтой байх зэрэг шинэлэг зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасны зэрэгцээ захиргааны гэрээний талаарх эрх зүйн зохицуулалтыг анх удаа хуульчилсан өгсөн байна.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Д.Сарангэрэл, Д.Лүндээжанцан, А.Бакей, Ч.Хүрэлбаатар, Ж.Батзандан, Ё.Отгонбаяр, Я.Сүхбаатар, Н.Алтанхуяг нар асуулт асууж тодруулав.

Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, хуулийн төслийг боловсруулах шатанд шүүх, хуулийн болон төрийн захиргааны байгууллагын ажилтнууд, төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулан хэд хэдэн удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулж гаргасан саналуудыг төсөлд тусгасан. Энэ хуулийн зорилго нь нийтийн эрх зүйн хүрээнд захиргааны акт гаргах, гэрээг зохицуулахад чиглэж байгаа. Хууль зөрчигсдөд хүлээлгэх хариуцлагын асуудалд анхаарч, захиргааны албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын хэмжээг одоогийнхоос илүү чанга байхаар тусгасан. Захиргааны ерөнхий хууль нь суурь шинжтэй хууль учраас энэ хуулийг дагалдаж 11 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүдийг бэлтгэсэн, цаашдаа 250-иад хуульд өөрчлөлт шаардлагатай болно гэдгийг хэллээ.

Хуулийн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлсэн УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, Х.Тэмүүжин, Н.Энхболд, Д.Сарангэрэл нар төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлээд хэлэлцүүлгийн шатанд нухацтай ярилцах, үүний тулд байнгын хороодын хамтарсан ажлын хэсэг гаргаж ажиллуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа хэллээ. Ингээд Захиргааны ерөнхий болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 71.4 хувь нь дэмжсэн тул хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хуль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлснээр чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа.

Чуулганы үдээс хойших хуралдаан 14 цагаас эхэлж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэнэ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20312
0 эможи
keyboard_arrow_up