БОХХААБХ хоёр асуудал хэлэлцлээ
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өнөөдөр /2015.04.07/ үдээс өмнө хуралдаж хоёр асуудал хэлэлцлээ.
Тус байнгын хорооны хуралдаанаар эхлээд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хэлэлцэж санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн талаар Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд Д.Оюунхорол, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа нарын хийсэн танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлсэн. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн 104 арга хэмжээнд Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндсэн хөгжлийн цогц бодлогоос 14,6 хувь буюу 14 арга хэмжээ, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөөс 83,2 хувь буюу 80 арга хэмжээ тусгагджээ. Энэхүү 104 арга хэмжээнээс 20 арга хэмжээ дутуу буюу хангалтгүй хэрэгжилттэй, үүний дөрвөн арга хэмжээнд Улсын төсвөөс хөрөнгө тусгагдаагүйгээс хангалтгүй хэрэгжсэн үзүүлэлттэй гарсан байна. Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва, Г.Баярсайхан, Ж.Энхбаяр, Ж.Батзандан нарын гаргасан асуулт, тодруулгад салбарын сайд нар болон ажлын хэсгээс хариулт өглөө. Мөн гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан саналаа хэлсэн юм. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, үндсэн чиглэлийн биелэлт аргачлал талаасаа хангалтгүй орж ирсэн байна. Гол нь ногоон хөгжлийн бодлогын хүрээнд тусгай газраа хадгалж авч үлдэх асуудал хангалтгүй байна. Тусгай хамгаалалттай газрыг авч үлдэх асуудал 30 хувьтай байх ёстой гэж байгаа ч 15 хувьд хүрээгүй байна гэсэн шүүмжлэлийг хэлж байсан бол Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, манай улсын нийт малын тоо 52 саяд хүрсэн гэсэн статистик үзүүлэлт гарсан. Энэ нь байгаль орчинд хэр нөлөөлж байгаа эсэхэд тодорхой судалгаа хийж анхаарах хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаагаа хэллээ.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, Байнгын хороо усны асуудлыг эргэн харах хэрэгтэй. Өнөөдөр усны бодлого гэж байхгүй байна. Өмнө нь Усны яамтай хүртэл байсан. Гадаргын усыг хадгалж хамгаалах асуудал өнөөдөр чухлаар тавигдаж байна. Иймд усны асуудлыг төр, засаг анхаарч цэгцлэх цаг болсон. Түүнчлэн аюлтай хог хаядал, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын чиглэлээр гаргасан бодлогын бичиг баримт болон хуулиа эргэн харж үзэх шаардлагатай гэв.
Мөн хуралдаанаар Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Сүүлийн жилүүдэд хууль бусаар мод бэлтгэх үйлдэл экологийн гэмт хэргийн дотор хамгийн их хувийг эзлэх болжээ. Хууль бус мод бэлтгэл нь хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг шударга бус өрсөлдөөнд түлхэж ойн салбарт нийгмийн болон экологийн хариуцлагатай үйлдвэрлэл эрхлэх, ирээдүйг харсан хөрөнгө оруулалт хийх итгэлийг алдагдуулж байна. Эрх зүйн шинэтгэлийн хүрээнд байгаль орчны салбарын хууль тогтоомжийг 2012 онд багцаар шинэчлэн боловсруулж батлуулсан боловч Байгаль орчныг хамгаалах тухай, Ойн тухай хууль зэрэгт зарим нэг харилцааг зохицуулсан зохицуулалт үгүйлэгдэж, эрх зүйн давхардал, хийдэл бий болгоод байгаа ажээ.
Хуулийн төсөлд, “Байгаль орчны хууль тогтоомж зөрчсөн тухай үнэн бодит мэдээллийг холбогдох байгууллага, албан тушаалтанд өгсөн, түүнчлэн зөрчлийг илрүүлсэн, илрүүлэхэд бодитой туслалцаа үзүүлсэн иргэн, эрх бүхий албан тушаалтанд 50 мянган төгрөгийн урамшууллыг ажлын 10 хоногт багтаан аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга Байгаль хамгаалах сангаас олгоно”, мөн “Хууль бусаар бэлтгэж хураалгасан байгалийн баялгийг тээвэрлэхэд ашигласан тээврийн болон өөрөө явагч хэрэгсэл, техник тоног төхөөрөмжийг борлуулсны орлогыг байгаль хамгаалах санд төвлөрүүлж, тухайн орлогын 70 хувьтай тэнцэх мөнгөн урамшууллыг тухайн зөрчлийн талаар мэдээлсэн иргэн, эрх бүхий албан тушаалтанд байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгоно” гэсэн зүйл, заалтыг эргэн харж хэлэлцүүлгийн шатанд чамбайруулах нь зүйтэй гэсэн саналыг гишүүдийн зүгээс гаргаж, бодит амьдралд нийцсэн хууль гаргах нь чухал гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.