Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийн төслийн хэлэлцүүлэг болов
Улсын Их Хурлын даргын 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 60 дугаар захирамжаар “Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх” үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгүүдийн дарга нараар ахлуулан нийт 15 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Харин ажлын дэд хэсгийг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шинжлэх ухааны академийн харьяа Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн захирал Б.Энхбайгалиар ахлуулж, бүх яамны стратеги, бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга нарыг оролцуулан байгуулжээ.
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Улсын Их Хурлын даргын 60 дугаар захирамжаар байгуулагдсан “Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичиг боловсруулах” ажлын хэсгээс эрхлэн “Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлого-2015-2040” төслийн хэлэлцүүлгийг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шинжлэх ухааны академийн харьяа Үндэсний хөгжлийн хүрээлэн, “Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтолцоог бэхжүүлэх” төсөлтэй хамтран өнөөдөр /2015.04.01/ Төрийн ордонд зохион байгуулав.
Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг, Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл, Ц.Цолмон, ажлын дэд хэсгийн гишүүд, яамдын холбогдох албан тушаалтнууд оролцсон юм.
Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Батцэрэг төслийн хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичиг боловсруулах ажилд ажлын дэд хэсэг голлох үүрэгтэй оролцож, төслийн эхний хувилбарыг бэлэн болгоод байгааг дурдав. Ингээд хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогт удирдан явуулсан юм.
Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шинжлэх ухааны академийн харьяа Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн захирал, ажлын дэд хэсгийн ахлагч Б.Энхбайгаль Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын төслийг боловсруулсан үндэслэл, ажлын үе шат, явцын талаар танилцуулга хийсэн юм.
Тэрээр ажлын дэд хэсэг 2014 оны 5 дугаар сараас Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын төслийг боловсруулах ажлыг эхэлж, төслийг боловсруулах явцад Арабын нэгдсэн Эмират, Ямайка, Израйль, Индонези, Брунди, Уганда, Гвиней, Танзани, Катар зэрэг эдийн засаг, хүрээлэн буй орчин, соёлын хувьд ялгаатай, хөгжлийн янз бүрийн түвшинтэй улс орнуудын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгүүдийг харьцуулсан шинжилгээ хийсэн. Түүнчлэн Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлогын хэрэгжилтийн үнэлгээг хэрхэн хийсэн талаарх судалгааны арга, хамарсан хүрээ, 2040 он хүртэлх хугацаанд Монгол Улсын хөгжилд нөлөөтэй гадаад орчны хүчин зүйлс, тулгарч болзошгүй эрсдэл, эерэг өөрчлөлт, боломжуудыг тодорхойлсон талаар танилцуулсан юм.
Ажлын дэд хэсэг өнгөрсөн хугацаанд бодлогын баримт бичгийн төслийн талаар мэдээллийн өгөгдлийн сан бүрдүүлж, багийн хэлэлцүүлгийг 30 удаа, дотоод хэлэлцүүлгийг 50 гаруй удаа зохион байгуулжээ.
Дараа нь тус хүрээлэнгийн секторын эрхлэгч доктор Д.Төмөрпүрэв, М.Алтанбагана, хүрээлэнгийн захирал Б.Энхбайгаль нар Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын төслийн талаар хэлэлцүүлэгт оролцогчдод танилцуулга хийсэн юм. Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын төслийг “Монгол хүнийг хөгжүүлж, өндөр мэргэшсэн ажиллах хүчинтэй болж, бүтээх чадварыг өсгөх“, “Төрийн институцийн чадавхи, бодлогын чанарыг дээшлүүлэх”, “Эдийн засгаа төрөлжүүлж, олон улсын зах зээлд хүчтэй нэвтрэх, нөөцийг үр ашигтай зарцуулах”, “Орчин үеийн технологи, инновацийг бүх салбарт нэвтрүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох”, “Хөгжлийн гол хөдөлгөгч хүч болох нийгмийн дунд давхаргыг бэхжүүлэн нийт иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөл бололцоог дээшлүүлэх” гэсэн үндсэн таван чиглэлээр боловсруулжээ.
Хэлэлцүүлэгт оролцогчид ажлын дэд хэсгээс боловсруулсан Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийн төслийн талаар санал бодлоо хуваалцлаа гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.