Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2014.04.24/ нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг байлаа.
Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан танилцуулсны дараа УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн асуулт асуув. Тэрбээр, сүүлийн үед бизнес эрхлэгчдийг ялих ялихгүй зүйлээс болж шалган дарамтлах болсноос бизнес эрхлэх боломжгүй болж байна гэсэн гомдол иргэдээс их ирэх боллоо гээд Эрүүгийн хуулийг бүхлээр нь хэдийд ярих вэ хэмээн Байнгын хорооны даргаас лавласан. Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газар хэлэлцсэн байна. Энэ хуулийн төсөл УИХ-д өргөн баригдах шатандаа яваа хэмээн хариуллаа. Асуулт үүгээр дуусч нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг баталлаа.
Байнгын хорооны хуралдаанаар дээрх хуулиудын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үеэр 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр өргөн мэдүүлж, 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Хууль зүйн байнгын хороо эцсийн хэлэлцүүлгийг нь хийсэн Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эдгээр хуулийн төсөлтэй хамт батлуулах нь зүйтэй хэмээн үзсэнийг гишүүд дэмжин дээрх хуулийн төслийг мөн батлав.
Дараа нь Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийн баталлаа.