УИХ-ын дарга тэргүүтэй гишүүд ECOBUS автобусны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа
Улсын Их Хурлын дарга З.Энхболд тэргүүтэй гишүүд “Экологбус” компанид зочлон, Монгол Улсад автобус хэрхэн үйлдвэрлэгдэж байгаатай танилцлаа. Уг арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн, БОХХАА-н байнгын хорооны дарга Г.Баярсайхан, гишүүн С.Одонтуяа, О.Баасанхүү, Ж.Батзандан Улсын Их Хурлын даргын зөвлөх Ц.Буянцогтоо нар оролцов.
Тус компани нь Монгол Улсад шинэ технологи нутагшуулах замаар өндөр технологийн машинт үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх, валютын гадагшаа урсгалыг сааруулах төр засгийн бодлого шийдвэрийг дэмжиж, Монгол улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан агаарын бохирдлыг бууруулах, инноваци, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийтийн тээвэрт экологид ээлтэй шинэ тээврийн хэрэгслүүдийг үе шаттайгаар нэвтрүүлэх ажилд хувь нэмрээ оруулах зорилготой ажиллаж байна. Манай улсад том оврын автобус, троллейбусыг эцсийн бэлэн бүтээгдэхүүн хэлбэрээр гаргаж байгаа Цахилгаан тээвэр ТӨҮГ-ын Троллейбусны үйлдвэр, ЭРДҮ ХХК, ECOBUS автобусны үйлдвэр зэрэг гурван үйлдвэр үйл ажиллагаа хамртан явуулж байна.
УИХ-ын дарга болон гишүүдийг компаниудын удирдлагууд угтан авч үйлдвэрлэл хэрхэн явагдаж байгаатай нэг бүрчлэн танилцууллаа. “Экологбус” компани нь 2000м2 талбай бүхий өөрийн үйлдвэрийн байртай, жилд 120 автобус угсарч үйлдвэрлэх хүчин чадалтай, зохион бүтээлт, тооцоолол, технологи, чанарын хяналт, үйлдвэрлэл хариуцсан инженер техникийн ажилтнуудтай, бүрэн хүчин чадлаараа ажиллахад 120-оос доошгүй шууд, 40 гаруй дамнасан ажлын байр бий болгоно хэмээн танилцуулсан. Одоогийн байдлаар 10 автобусыг үйлчилгээнд гаргахад бэлэн болоод байгаа юм байна.
Монгол Улсаас Европын орнууд руу 7000 төрлийн бүтээгдэхүүн экспортлодог байна. Үүнд электроникийн чиглэлийн бүтээгдэхүүн ч багтдаг ажээ. УИХ-ын дарга машинт үйлдвэрлэлийг хөгжүүлж буй үндэсний үйлдвэрлэгчидтэй уулзах үеэрээ автобус үйлдвэрлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжийн татварыг хөнгөлж, импортоор орж ирж байгаа том оврын автобусны хөнгөлөлт чөлөөлөлтийг хүчингүй болгох зэргээр бодлогын түвшинд дэмжих боломжтойг хэлээд, монголдоо бүтээх, импортыг орлох, үйлдвэрлэлийг дэмжих хэрэгтэйг онцлов.
Тэдний угсарч, үйлдвэрлэж байгаа J-800Т маркын автобус нь дизель хөдөлгүүрийн утааны хортой азотын ислийг ердийн азот ба ус болгох сонгомол үйлчилгээтэй катализатор бүхий хөө тортог гаргахгүй, компьютерын удирдлагатай Евро IV стандартын дизель хөдөлгүүр, вакум цонх, портал тэнхлэг, хийн нум, намхан шал, 2 гишгүүртэй шат, тэргэнцэртэй иргэд зорчих нэмэлт төхөөрөмжөөр тоноглох техникийн боломж зэрэг дэвшилтэт хийц, технологийг шингээсэн байна.