"Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн шинэчлэл" сэдвээр хэлэлцүүлэг боллоо
Улсын Их Хурлын Эмэгтэй гишүүдийн бүлэг, Канад Улсын Элчин сайдын яам хамтран “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлгийг өчигдөр Иргэний танхимд зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Канадын Засгийн газраас УИХ-ын эмэгтэй гишүүдийг дэмжих зорилгоор 18 сарын хугацаатай төсөл хэрэгжүүлж байгаад талархлаа илэрхийлээд, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай болон Сонгуулийн санхүүжилтийн тухай хуулийн төслүүд дээр хамтран ажилласандаа баяртай байгаагаа хэлсэн юм. Мөн тэрээр, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2004 онд батлагдсан хэдий ч гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг гарсаар л байна. Мөн хүүхдийн хүчирхийлэл нэмэгдэж байгаагийн дээр гарч байгаа хэргүүд нь маш хэрцгий болж буй нь хуулийг эргэн харах шаардлагатайг харуулж байна” гэв. УИХ-д өргөн бариад байгаа Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төсөлд салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, хохирогчийг хамгаалах асуудлыг өндөр түвшинд тусгаснаараа онцлог хэмээн тэрээр нэмж хэлсэн.
Энэ удаагийн хэлэлцүүлэгт “Миний улс төрчийн карьерт эмэгтэйчүүдийн асуудал нөлөөлсөн нь” сэдвээр Канадын парламентын гишүүн асан, сайд асан Мари Коллинс, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн шинэчлэл” сэдвээр Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Д.Энхжаргал, “Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч хамгаалал” сэдвээр Хууль зүйн яамны Хууль сахиулах бодлогын хэрэгжилтийг зохицууулах хэлтсийн дарга Г.Оюунболд нар илтгэл тавьж, хуулийн төсөлтэй холбогдуулан эмэгтэй гишүүд ажлын хэсгийнхнээс асуулт асуун, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Д.Энхжаргал илтгэлийнхээ үеэр, “Эрүүгийн хуульд гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэг гэж хуульчлаагүйгээс гэр бүл ахуйн хүрээнд үйлдэгдсэн хүчирхийллийн шинжтэй хэргийг мөрдөн шалгахад ач холбогдол өгдөггүй тул хүчирхийлэл үйлдэгч ял завшиж, хариуцлагаас мултардаг” гэлээ. Энэ мэт эрүүгийн эрх зүйн тогтолцооны үр дүнгүй байдлаас болж хохирогч эмэгтэйчүүд нэн түрүүнд гэрлэлтээ цуцлуулах арга замыг сонгодог ч шүүгчийн зүгээс салгах бус эвлэрүүлэх шийдвэрт илүү анхаарал хандуулдагаас хохирогчид хүчирхийлэлд өртсөөр байх эрсдэлд ордог талаар хэлэлцүүлэгт оролцогчид дурдаж байлаа.
Хэлэлцүүлгийн төгсгөлд УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг өнөөдрийн үйл ажиллагаанд оролцсон Канад Улсын зөвлөхүүд болон бусад оролцогчдод талархсанаа илэрхийлж, цаашдаа УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгээс гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн төслийн хүрээнд хэлэлцүүлгүүдийг хийж, санал бодлоо солилцохоо мэдэгдсэн юм.