УИХ-ын дарга З.Энхболд Оюутолгой уурхайн үйл ажиллагаатай танилцав
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.03.06/ Оюутолгой уурхайн үйл ажиллагаатай танилцав.
УИХ-ын дарга З.Энхболд болон дагалдан яваа хүмүүсийг Оюутолгой уурхайн удирдлагууд угтан авч, уурхайн үйл ажиллагааны талаар ерөнхий мэдээллийг танилцуулав. Мөн Орон нутгийн харилцаа эрхэлсэн захирал Ш.Байгалмаа орон нутгийн төслүүдийн талаар танилцуулга хийлээ.
Үүний дараа УИХ-ын дарга ил уурхайн үйл ажиллагаатай танилцлаа. Оюутолгой уурхай бүтээн байгуулалтын ажлаа дуусгаад анхны баяжмалаа экспортлосноос хойш 19 сарын дараа буюу энэ оны 2 дугаар сарын 18-нд олон улсын зах зээлд экспортлосон зэсийн баяжмалын хэмжээ нэг сая тоннд хүрсэн байна.
Тус уурхай 2014 онд нийт 148400 тонн зэсийн агууламжтай баяжмал, 589000 унци алтны агууламжтай баяжмал үйлдвэрлэсэн байна. Ил уурхайгаас олборлосон хүдрийг бутлах, баяжуулах үйлдвэртээ боловсруулдаг бөгөөд 2015 онд 175000-195000 тонн зэсийн агууламжтай баяжмал, 600000-700000 унци алтны агууламжтай баяжмал үйлдвэрлэн экспортлох төлөвлөгөөтэй байгаа болохыг УИХ-ын даргад танилцуулав.
Оюутолгой уурхайд хүнд 350 тоннын хүнд даацын Комаци машиныг жолооддог 16 эмэгтэй жолооч байдаг бөгөөд тэдний нэг болох н.Солонго жолоочийн ажилтай танилцлаа.
Оюутолгой уурхайн монголын эмэгтэйчүүд хүнд даацын машин механизм дээр ажиллаж буй нь монголын эмэгтэйчүүд ихийг хийж, бүтээж чаддаг болохын илэрхийлэл хэмээн УИХ-ын дарга онцлон тэмдэглэлээ.
Мөн энэ өдөр УИХ-ын дарга уурхайн цогцолбор болон ил уурхайгаас олборлосон хүдрийг боловсруулах бутлуурын үйлдвэр, баяжмалын үйлдвэр, бүтээгдэхүүнийг хатааж нягтруулан савлах үйлдвэртэй тус тус танилцлаа.
Савлах үйлдвэрт Геологийн Улсын төв лабораторийн мэргэжилтнүүд ажиллаж, эцсийн баяжмалаас авсан дээжийг хатаан, хуурай жинг тодорхойлсны дараа авсан дээжүүдийг итгэмжлэгдсэн лаборатори руу илгээдэг. Ийнхүү тус уурхайн үйл ажиллагаанд Геологийн Улсын төв лаборатори хяналт тавин ажилладаг болохыг уурхайн Баяжуулах үйлдвэрийн техникийн менежер М.Ганболд танилцууллаа. Мөн тэрээр хэлэхдээ, лабораторид нэг уут бүтээгдэхүүний талаарх мэдээлэл тодорхойлогдох бөгөөд ямар нэг маргаан гарсан тохиолдолд бүх талын итгэмжлэгдсэн лабораторийн дээжийн мэдээллийг ашигладаг. Уурхайгаас гарч буй бүтээгдэхүүн бүр энэ хяналтыг дамждаг бөгөөд Монгол Улс Оюутолгой уурхайгаас экспортлож буй бүтээгдэхүүнд бүрэн хяналт тавьж ажилладаг болохыг тус уурхайн лабораторийн мэргэжилтэн онцлон тэмдэглэв.
Оюутолгойд 6500 орчим ажилтнууд байгаагаас 95 хувь нь монголын ажилчид байдаг. Нийт ажиллах хүчний 21 орчим хувь нь Өмнөговь аймгийн иргэд байгаа юм. Мөн Өмнөговь аймгийн бүртгэлтэй ханган нийлүүлэгчдээс 42 сая ам.долларын бараа, үйлчилгээ худалдан авсан статистик үзүүлэлт байна. Оюутолгой ХХК нь 2014 онд улсад 250 орчим сая ам.долларын татвар төлбөр хураамжийг төвлөрүүлжээ. УИХ-ын дарга З.Энхболд Оюутолгой уурхайн цогцолбортой танилцах үеэр УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, УИХ-ын дарга ахлах зөвлөх С.Ламбаа, УИХ-ын даргын зөвлөх Д.Лхагвасүрэн, Оюутолгой компанийн ТУЗ-ын дарга Г.Батсүх, Эрдэнэс Оюутолгой компанийн гүйцэтгэх захирал бөгөөд Оюутолгой компанийн ТУЗ-ын гишүүн Д.Ганболд, Оюутолгойн үйл ажиллагаа хариуцсан ерөнхий менежер Эндрью Миллер болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.