Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ

2015 оны 3 сарын 04

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат өнөөдөр /2015.03.04/ хэвлэлийн бага хурал зарлан, УИХ-ын 2014 оны намрын ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хорооноос хийсэн ажлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хууль зүйн байнгын хороо намрын чуулганы хугацаанд 23 удаа хуралдаж, 73 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Байнгын хорооны хуралдаанаар 50 хуулийн төсөл, УИХ-ын 5 тогтоолын төслийг хэлэлцэж, 19 санал, дүгнэлт, 5 танилцуулга, зарчмын зөрүүтэй 180 саналын томьёолол бэлтгэн чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэн шийдвэрлүүлсэн хэмээн Байнгын хорооны дарга Д.Ганбат мэдээллээ. Мөн тус байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд Байнгын хорооны 12 тогтоол батлан гаргажээ.

Тус Байнгын хороо бие даасан хууль 1, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 34, хүчингүй болсонд тооцох тухай хууль 1, УИХ-ын 5 тогтоолыг тус тус хэлэлцүүлэгт бэлтгэн, нэгдсэн хуралдаанаар батлуулжээ. Тухайлбал, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох 30 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиуд, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиуд байгаа юм. Түүнчлэн Yндсэн хуулийн цэцийн 2014 оны 05, 06, 07 дугаар дүгнэлтийн тухай, Авлигатай тэмцэх газрын дэд даргын үүрэгт ажлаас чөлөөлөх, томилох тухай, Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, Улсын ерөнхий прокуророор томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцөх асуудлыг хэлэлцсэн байна.

Байнгын хорооны дарга Д.Ганбат, “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хянах, хадгалах журам батлах тухай” Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 05 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах болон хавсралтыг шинэчлэн батлах тухай Хууль зүйн байнгын хорооны 2014 оны 20 дугаар тогтоолыг баталсныг онцлоод энэхүү тогтоолд өөрчлөлт оруулснаар 58.000 албан тушаалтан Хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг байсныг цөөлөн 38.000 болгон бууруулсан гэж хэлсэн.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль шинэчлэн батлагдсанаар хуулийн этгээдийг бүртгэх шатлал 8 байсан нь 4 болон цөөрч, ажлын 6 өдөрт багтдаг байсан бүртгэх хугацаа 48 цаг болж багасчээ. Шинэ хуулиар хуулийн этгээд гэрчилгээгээ цахимаар авах боломжтой болсон хэмээн Байнгын хорооны дарга Д.Ганбат тодруулан хэлсэн юм.

Байнгын хорооны тогтоолоор өгсөн чиглэлийн дагуу шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай асуудлаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж, шүүгчийн албан тушаалын цалинг тогтоох эрх бүхий субьект, цалингийн хэмжээг тогтоох талаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Төрийн албаны тухай хуулиудын зөрчил, хийдлийг арилгах зорилгоор Шүүгчийн эрх зүйн байдлын тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, “Шүүгчийн болон прокурорын албан тушаалын цалингийн хэмжээ тогтоох тухай”, “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлд хамаарах албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр батлах тухай” УИХ-ын тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүдийг боловсруулж, Засгийн газраас санал авахаар хүргүүлэхэд бэлэн болжээ.

Тус Байнгын хороо 2014 оны намрын чуулганы хугацаанд Үндсэн хуулийн цэц, Улсын дээд шүүх, Хууль зүйн яам, Хил хамгаалах ерөнхий газар, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газарт ажиллаж, үйл ажиллагаа болон хуулийн хэрэгжилттэй танилцсан байна.

2014 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Байнгын хороо, Хууль зүйн яам, XБНГУ-ын Ханнс-Зайделын сан, Нээлттэй нийгэм форумтай хамтран “Хууль сахиулахуйн инноваци” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал, Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай болон холбогдох хуулийн төслийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулжээ. Байнгын хороонд байгууллага, аж ахуйн нэгжээс 86 албан бичиг, иргэдээс 22 өргөдөл ирж, асуудлыг тухай бүр нь шийдвэрлэж, хариуг өгсөн байна.

Хууль зүйн байнгын хорооноос намрын чуулганы завсарлагааны хугацаанд Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/ болон Зөрчлийн тухай, Хөдлөх эд хөрөнгийн болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай, Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн төслүүдээр төрийн болон төрийн бус байгууллага, хуульч, эрдэмтэн, судлаач, олон нийтийн оролцоотой хэлэлцүүлгүүдийг тус тус зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгааг Д.Ганбат дарга сэтгүүлчдэд дуулгасан.

Түүнчлэн Хууль зүйн байнгын хороо УИХ-ын 2015 оны хаврын чуулганаар Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай, Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай, Казиногийн тухай, Захиргааны ерөнхий хууль гэх мэт 9 бие даасан хууль, 300 гаруй нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөж байгаа юм байна. Энэхүү мэдээллийн дараа Байнгын хорооны дарга Д.Ганбат сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18566
0 эможи
keyboard_arrow_up