УИХ-ын гишүүн Я.Содбаатар Өвөрхангай аймагт ажиллаж байна
УИХ-ын намрын чуулганы завсарлагааны хугацаанд УИХ-ын гишүүн Я.Содбаатар Өвөрхангай аймагт ажиллаж байна. Тэрбээр өнгөрсөн бямба гаригт эх орны төв цэг болсон Бүрд болон Өндөр гэгээн Занабазарын төрсөн нутаг болох Есөнзүйл суманд ажиллан УИХ-аас баталсан хууль тогтоомжийг ард иргэдэд тайлбарлан танилцуулж явна. Мөн Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдлын талаарх мэдээллийг өгөхийн зэрэгцээ хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдэд иргэдийн саналыг авч байгаа аж.
Намрын чуулганаар хэлэлцсэн гол хууль бол улсын төсөв юм. Эдийн засгийн хямралаас үүдэн 2015 оны улсын төсөвт тодотголд хийж, хэмнэлтийн горимд шилжин ажиллаж байгааг Я.Содбаатар танилцуулж, энэ хүрээнд төрийн данхар бүтцийг 15 хувиар цомхотгож, тэтгэвэр тэтгэмжийг тодорхой хувиар нэмэгдүүлсэн гэв. Уулзалтын үеэр хамтарсан Засгийн газрыг байгуулах үед улсын өрийн босго хэдэн хувьтай байсан, эдийн засгийг тэтгэх томоохон мега төслүүдийг хэзээ эхлүүлэх болон Үндсэн хуульд ямар өөрчлөлт хийх гэж байгаа талаар ард иргэд асууж, санал бодлоо хэлж байлаа.