Хоёр хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон түүнийг дагалдах хуулийн төслүүд, Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Хуралдааны явцад УИХ-ын гишүүн О.Баасанхүү Х.Тэмүүжин сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх горимын санал гаргасан боловч байнгын хорооны хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэх боломжгүй гэж үзлээ. Учир нь энэ асуудлыг Тусгай хяналтын дэд хорооноос шалгаж, тодорхой хариу гарсны дараа Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх юм байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон түүнийг дагалдах хуулийн төслүүд, Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үед УИХ-ын гишүүн Ж.Батзандан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд ахиц дэвшил гарах нэмэлт, өөрчлөлтүүдийг тусгасан байна гээд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхээр хүлээн авсан шүүгч, шүүх бүрэлдэхүүн бусдаас нөлөөлөл үзүүлэхээр завдсан тохиолдолд нөлөөллийн мэдүүлэг хөтөлнө гэсэн заалтыг онцолсон. Мөн тэрбээр шүүх хуралдааны нарийн бичгийн дарга шүүх хуралдааны явцыг дуу болон дүрс бичлэгээр баталгаажуулна гэсэн заалтыг хэрэгжүүлэхэд техникийн нөхцөл бүрдсэн эсэхийг лавлаж байлаа. Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн С.Нямжавын хариулснаар, өнөөдрийн байдлаар Улсын дээд шүүх, дүүргийн шүүхүүд шүүх хуралдааны явцыг дуу болон дүрс бичлэгээр баталгаажуулж эхлээд байгаа юм байна. Цаашид бүх шүүхийг ийм боломжоор хангах ажээ.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Ж.Батзандан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан “Өмгөөлөгчөөс өөр этгээдээр төлөөлүүлж байгаа иргэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцохгүй. Биечлэн оролцох тохиолдолд өөрийг нь төлөөлж байгаа этгээдээс татгалзсан тухайгаа шүүхэд бичгээр мэдэгдэнэ” хэмээх заалтын талаар тодруулсан.
Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Б.Ундрах, “Өмгөөлөгчөөс өөр этгээдээр төлөөлүүлж байгаа иргэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцохгүй. Өөрөө биечлэн оролцох бол төлөөлж буй этгээд оролцохгүй гэдгийг тодруулан хуульд тусгаж өгч байгаа юм. Иргэнийг төлөөлж буй этгээд шүүх хуралд биечлэн оролцох тохиолдолд тухайн иргэн шүүх хуралд суух эрх нь нээлттэй” хэмээн хариулсан юм. Гишүүд ийн хэлэлцээд дээрх хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлах нь зүйтэй хэмээн санал нэгдлээ.
Үүний дараа Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хохирлыг эргэн төлөх нөхцлөөр барагдуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэн батлуулах эсэхийг хэлэлцлээ. Энэ хуулиар хадгаламж зээлийн зарим хоршооны үүсгэн байгуулагчдын буруутай үйл ажиллагааны улмаас хадгаламж эзэмшигчдэд учирсан хохирлын тодорхой хэсгийг төрөөс эргэн төлөгдөх нөхцлөөр барагдуулах, үлдэгдэл хохирлыг хадгаламж зээлийн хоршооны орлого, мөнгөн хөрөнгөөр барагдуулахтай холбогдсон харилцааг зохицуулахаар тусгажээ. Хуулийг 2014 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс элэн хэрэгжүүлэхээр боловсруулсан. Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар гишүүдийн олонхи нь энэ хуулийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэн батлуулах нь зүйтэй гэж дэмжлээ. Хэрэв УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэн баталбал, ХЗХ-ны хохирогчдын хохирлыг барагдуулах шинэ эрхзүйн үндэс бий болох юм байна. Үүгээр Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өдөрлөлөө.