З.Энхболд Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Акихитод бараалхав
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд болон түүний гэргий Т.Бат-Өлзий нар өнөөдөр /2015.02.25-ны өдрийн 14.30 цагт/ Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Акихито болон Хатан хаан Мичико нарт бараалхав.
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Акихито Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдыг Япон Улсад албан ёсны айлчлал хийж буйд баяртай байгаагаа уулзалтын өмнө илэрхийллээ. Мөн тэрээр Япон, Монгол хоёр орны харилцаа ойр дотно байдагт туйлын баяртай явдаг гээд саяхан хоёр орны хооронд байгуулсан Эдийн засгийн түншлэлийн чухал хэлэлцээрийг Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага яаралтай ажил хэрэг болгон баталсанд талархаж буйгаа УИХ-ын даргад илэрхийллээ. Хоёр орны хооронд байгуулан Монгол Улсын Их Хурлаар соёрхон баталсан хэлэлцээрийн үр дүнд манай хоёр улсын эдийн засгийн харилцаа улам хөгжих болно гэдэгт итгэж буйгаа онцлон тэмдэглэв.
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Акихито УИХ-ын даргаас Монгол орны байгаль, цаг уурын талаар сонирхон асууж, Монголын Улсад хөгжил цэцэглэлтийг ерөөсний зэрэгцээ Монголын ард түмэнд аз жаргал, сайн сайхан бүхнийг хүссэн юм.
УИХ-ын дарга З.Энхболд Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Акихито болон Хатан хаан Мичикод бараалхах үеэрээ хэлсэн үгэндээ, “Миний бие Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Эрхэмсэг ноён Мачимурагийн урилгаар Танай сайхан оронд айлчилж байна. Цог Жавхлант Эзэн Хаан Танд бараалхах завшаан тохиосонд баяртай байна. Монголын ард түмэн 25 жилийн өмнө ардчилсан хувьсгал өрнүүлж, улс төр, нийгмийн тогтолцоогоо шинэчилж, эдийн засгаа зах зээлийн харилцаанд шилжүүлж, шинэ хөгжлийн суурийг тавьж чадлаа. Япон Улс Монголын ардчилсан өөрчлөлт шинэчлэлтийг идэвхтэй дэмжин тусалж ирснийг манай төр, засаг өндөр үнэлж, талархан хүндэтгэж байдаг.
Монгол, Японы харилцаа Стратегийн түншлэлийн зарчмаар амжилттай урагшилж байна. Улс төрийн яриа хэлэлцээ, бүс нутгийн хамтын ажиллагаа, соёл, олон нийтийн харилцаа жил ирэх бүр өргөжиж байна. Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд хоёр улс анхаарах шаардлагатай байгаа. Гэвч саяхан хоёр орны Ерөнхий сайд нар гарын үсэг зурсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр буюу EPA нь эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ үеийг нээж өглөө" хэмээн онцлон тэмдэглэв.
Мөн тэрээр "Хоёр орны харилцааны найрсаг уур амьсгалыг бэхжүүлэхэд Цог Жавхлант Эзэн Хаан Таны гэр бүлийнхний оруулж ирсэн хувь нэмэр их гэдгийг онцлон тэмдэглэж, талархал илэрхийлье. Ханхүү Акишинономия, Хунтайж Нарухито нарын Монголд хийсэн айлчлалыг монголчууд одоо хүртэл халуун дотноор дурсаж байдаг.
Цог Жавхлант Эзэн Хаан Та Монголд айлчлах сонирхолтой гэж манай Элчин сайд надад хэлж байсан. Таныг боломжтой үедээ Монгол Улсад айлчлахыг урьж байна. Танд эрүүл энх, сайн сайхныг ерөөе” гэлээ.
Бараалхалтад Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар байлцав хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.