УИХ-ын гишүүн Д.Арвин шинэ 3 дугаар төрөх эмнэлэгт ажиллав
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 3 дугаар төрөх эмнэлэгийн шинэ барилга удахгүй нээлтээ хийх гэж байна. Энэхүү төрөх эмнэлэг нь 2011 оноос баригдаж эхэлсэн. Одоогоор барилгын гүйцэтгэл 100 хувь дууссан бөгөөд Баянзүрх дүүргийн эмэгтэйчүүд сайн дурын үндсэн дээр ээлжлэн цэвэрлэгээ хийж байгаа аж. Улсын Их Хурлын гишүүн Д.Арвин тус төрөх эмнэлгийг хүлээлгэн өгөхийн өмнөх их цэвэрлэгээний ажилд өнөөдөр /2015.02.23/ биечлэн оролцлоо.
Өнөөдөр л гэхэд тус дүүргийн 110 гаруй эмэгтэй цэвэрлэгээ хийхээр ирээд байгааг энэ үеэр дуулгасан юм. Төрөх эмнэлэгийн шинэ байр 3 дугаар сарын 8-ны өдөр нээлтээ хийх бөгөөд энэхүү шинэ төрөх эмнэлэг нь зөвхөн Баянзүрх дүүрэгт харьяалагдаад зогсохгүй улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг манай улсын томоохон эмнэлэгийн нэг болох ёстой гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Арвин энэ үеэр онцолсон юм.
Хуучин 3 дугаар төрөх эмнэлгийн суурин дээр сүндэрлэн боссон эмнэлгийн барилгын гүйцэтгэлийг “Цамхаг” констракшн хийж байна. Тус төрөх эмнэлэг нь 150 эх хүлээн авах хүчин чадалтайн зэрэгцээ ачаалал ихтэй үед 250 ор тавих боломжийг бүрдүүлж, хамгийн сүүлийн үеийн тоног, төхөөрөмжийг суурилуулсан байна.
Түүнчлэн 7 давхар барилга нь зоорийн болон техникийн давхартайгаас гадна 200 гаруй авто машин зогсох талбай, явган хүний зам бүхий тохижилтыг хийсэн байна.