“Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2015.02.17/ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 6-ны өдөр өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэв. Уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг энэ сарын 11-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж тодруулсны дараа УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ улс орны эрх шиг, эдийн засагтай холбоотой энэ төслийг бүлэг дээрээ ярилцаад нухацтай хэлэлцэх шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр завсарлага авах хүсэлт гаргаж, ажлын 5 хоногийн завсарлага авсан юм.
Завсарлагын үр дүнгийн талаар тус эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг завсарлагын хугацаанд ажлын хэсэг гаргаж бүлэг дээрээ ярилцсан гээд нэгэнт хуулийн дагуу авсан завсарлагын хугацаа дууссан учраас хэлэлцээд явъя гэдгээ хэлсэн юм. Ингээд хуулийн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлсэн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Л.Цог, Г.Уянга нар төслийг хэлэлцэхийг дэмжихгүй гэсэн байр сууриа илэрхийлсэн бол УИХ-ын гишүүн Х.Болорчулуун хэлэлцэхийг дэмжиж байгаа, гэхдээ яаран сандран хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж буйгаа хэлэв. Үүний дараа Байнгын хорооны саналаар хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон 55 гишүүний 29 нь буюу 52.7 хувь нь дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.
Дараа нь “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэв. Тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг энэ сарын 11-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж тодруулсны дараа УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг энэ төслөөр Гацууртын ордыг урт нэртэй хуулийн үйлчлэлээс гаргах, мөн төрийн эзэмшлийн хувь хэмжээг бууруулахаар оруулж ирсэн тул асуудлыг дахин нягталж нэг мөр ойлголттой болох үүднээс уг тогтоолын төслөөр ажлын 5 хоногийн завсарлага авах хүсэлт гаргасныг ёсоор болгосон юм.
Эвслийн бүлгийн авсан завсарлагын хугацаа дууссан тул тогтоолын төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ц.Оюунбаатар, Я.Содбаатар, Г.Уянга, Л.Цог, Б.Бат-Эрдэнэ нар үг хэлсний дараа байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авч чадаагүй тул тогтоолын төслийг төсөл санаачлагчид нь буцаахаар болов.
Чуулганы энэ өдрийн нэгдсэн хуралдаанаар “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг сонсов.
Тус байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар тогтоолын төслийн нэрийг “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр батлах тухай” гэж өөрчлөхийг дэмжжээ. Түүнчлэн төмрийн хүдрийн баяжмалын экспортыг нэмэгдүүлэх ажлыг 2015 оны хоёрдугаар хагасаас эхлүүлэх, зарим төслийн эхлэх хугацааг наашлуулах бэлтгэл ажлыг хангах зэрэг санал гишүүдийн олонхын дэмжлэг авчээ.
Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж тодруулсны дараа байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын чанартай саналын томьёоллоор санал хураалт явуулж эхэлсэн ч гишүүдийн ирц хангалтгүй байсан тул хуралдаан даргалагч чуулганы нэгдсэн хуралдааныг завсарлууллаа гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.