Захиргааны ерөнхий хуулиар Ажлын хэсэг байгуулав

2015 оны 2 сарын 17

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /хоёрдугаар сарын 17/ хуралдаанаар гурван асуудал хэлэлцсэний эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2015 оны 2-р сарын 6-ны өдөр өргөн мэдүүлсэн Захиргааны ерөнхий хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх П.Цагаан танилцуулахдаа Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш 20 гаруй жилийн хугацаанд захиргааны үйл ажиллагаа өнөө хүртэл цэгцрээгүй, захиргааны байгууллагууд өөр хоорондоо уялдаа холбоо муутай, асуудлыг өөрсдийн үзэмжээр, дур зоргоороо шийдвэрлэж байгаа тул захиргааны байгууллагуудын ерөнхий үйл ажиллагааг стандартчилан зохицуулах зайлшгүй шаардлага тулгарч байгааг тэмдэглэсэн юм.

Хуулийн төсөлтэй холбогдуулан байнгын хорооны хэд хэдэн гишүүн санал бодлоо илэрхийлсний дотор Х.Тэмүүжин гишүүн “Нэгдүгээрт, энэ хуулийн үзэл санааг 10-аад жил чухал гэж ярьсаар ирсэн, төсөл боловсруулж буй судлаач, хуульчид сүүлийн 2 жил тодорхой хэмжээгээр хэлэлцүүлж, олон нийтийн санал авсан, Засгийн газраар 3 удаа оруулсан. Захиргааны байгууллагын үйлчилгээг ил тод, төөрөгдөлгүй болгох, авлига гарах нөхцөл байдлыг хаах талаасаа энэ хууль иргэдийн хувьд эерэг нөлөө үзүүлэх учиртай. Харин захиргаа талаасаа бол захиргааны апппарат мэргэшсэн байх, үйл ажиллагаа нь тодорхой стандарттай байх гэхчлэн ажиллагаа ихтэй тул захиргаанд ажиллаж буй хүмүүс энэ хуульд таагүй ханддаг. Иргэн захиргаа хоёр маргалаа гэхэд түүнийг шийдвэрлэх дүрэмтэй болж байгаа, захиргааны бүх байгууллагын олон нийтэд чиглэсэн шийдвэр гаргах процесс ил тод, тодорхой болох учраас их чухал хууль юм. Хэлэлцэн баталтал нэлээд цаг хугацаа шаардлагатай, хаврын чуулганаар хэлэлцэн баталсны дараа ч тодорхой хугацаа шаардагдах байх.

Хоёрдугаарт, бид захиргааны процессын хуулиа эргэн харж дахин боловсруулах талаар Засгийн газарт үүрэг өгөх ёстой. Материаллаг хууль гарснаар зөрчил нэлээд үүсэх тул өмнө дутуу орхисон процессын хуулиа эргэн боловсруулж, оруулж ирэх ёстой” гэсэн юм.

 Р.Гончигдорж гишүүний хувьд энэ хууль өчигдөр оруулж ирсэн Зөрчлийн тухай хуультай нийлээд цогц болох ёстой, чуулганы завсарлагаар Ажлын хэсэг байгуулаад ажиллах ёстой юм байна гэсэн саналтай байлаа.

Мөн Ж.Батзандан гишүүн хэлсэн үгэндээ “Захиргааны үйл ажиллагааны ойлгомжтой, ил тод байдлыг хангах Захиргааны процессын ерөнхий хууль орж ирж байна, Австри 1928 онд, Герман мөн онд, Унгар 1946 онд гэхчлэн гадаадын улс орнууд ийм хууль батлан мөрдөж ирсэн, манай улсад 2004 онд Захиргааны хэрэг хянан шалгах тухай хууль, дараа нь иргэдээс албан тушаалтанд гаргах өргөдөл гомдолтой холбоотой хууль гарсан ч захиргааны акт, гэрээ хэзээ хүчин төгөлдөр болох зэрэг захиргааны шийдвэртэй холбоотой олон стандартыг тогтоож өгсөн энэ хууль Монгол Улсад одоо үнэхээр шаардлагатай байгаа”-г тэмдэглэсэн юм. Тэрбээр бас захиргааны ерөнхий болон салбар процесс зөрчигдсөн тохиолдолд, тухайлбал, гадаад харилцаа, үндэсний аюулгүй байдал гэх мэт онцлог салбарын процесстой зөрчилдсөн тохиолдолд шийдвэрлэх зохицуулалтын талаар ч бодож, хуулиндаа тодорхой хэмжээгээр тусгах нь зүйтэй гэсэн саналтай байлаа.

 Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд саналаа хэлж дууссаны дараа энэхүү төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураахад гишүүдийн 75 хувь нь дэмжсэн тул ажлын хэсэг байгуулан Х.Тэмүүжин гишүүнээр ахлуулж ажиллахаар боллоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17844
0 эможи
keyboard_arrow_up