УИХ-ын гишүүн Ж.Батсуурь Дорноговь, Говьсүмбэр аймагт ажиллав
Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь өнгөрсөн амралтын өдрүүдэд Говьсүмбэр, Дорноговь аймагт ажиллав. Тэрээр Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсан юм. Энэ үеэр НҮБ-ын Хүүхдийг ивээх сангаас олгож буй эмнэлэгийн тусламж үйлчилгээний тоног төхөөрөмжийг гардуулан өгөв.
Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэг төрөх 20, эмэгтэйчүүдийн таван ортой. Ачаалал ихтэй үед төрөх эхчүүдийг коридортоо авдаг. Шинэ төрөх эмнэлгийг яаралтай ашиглалтад оруулах шаардлагатай байгааг аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Б.Нямгэрэл Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурьт танилцуулав.
30 ортой шинэ төрөх эмнэлгийн барилга
Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь хэлэхдээ, “аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх болон хүүхдийн тасгийн үйл ажиллагаатай танилцлаа. Дорноговь аймгийн төвд 30 ортой шинэ төрөх эмнэлгийн барилгын ажил эхэлсэн ч захиалагчийн уялдаа холбоо зэрэг шалтгаанаас болж удааширч буй гэлээ. Мөн эдийн засгийн хүндрэлтэй байгаа ч 2015 онд Дорноговь аймгийн хувьд бүтээн байгуулалтын олон ажил хийнэ хэмээн онцолж байлаа.
Тэрбээр Дорноговь, Говсүмбэр аймагт ажиллах үеэрээ Монгол Улсын сайн малчин шагнал гардууллаа. Эхлээд Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар багийн малчин Ц.Доржсүрэнгийнд Монгол Улсын сайн малчны цол тэмдгийг гардууллаа. Ц.Доржсүрэнгийнх 3000 гаруй толгой мал тоолуулсан. Дөрвөн аймгийн найман суманд туслах малчинтай юм байна. Төллөх малынх нь 70 хувийг туслах малчид малладаг бөгөөд төлийнхөө 50 хувийг туслах малчиддаа өгөхөөс гадна сардаа 300-500 мянган төгрөгийн цалин олгодог тухай улсын сайн малчин Ц.Доржсүрэн ярьсан юм.
Дараа нь Дорноговь аймгийн Айраг сумын Нард багаас төрсөн Монгол Улсын сайн малчин Г.Эрдэнэбулгын шагналыг гардуулав. Г.Эрдэнэбулгынх 2200 гаруй толгой малтай. Улсын сайн малчны шалгуур үзүүлэлтийн нэг болох ажлын байр бий болгоход анхааран гурван туслах малчныг цалинжуулж ажиллуулдаг байна.
Багтаа төдийгүй сумынхаа хэмжээнд малын индексжүүлсэн даатгал хамгийн өндөр төлдөг айлуудын нэг. Жилдээ 1.8 сая төгрөгийн даатгал төлдөгөөс гадна нийгмийн хариуцлагатай ажилд оролцдог зэрэг олон үзүүлэлтийг хангажээ. Өнгөрсөн жил Азийн аварга шалгаруулах зуун буудалт даамын тэмцээнд оролцож хос мөнгөн медаль хүртсэн О.Хаш-Эрдэнийг ивээн тэтгэсэн хэмээн багийн засаг дарга нь онцлов.
Түүнчлэн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар багийн малчин Ц.Энхжаргалд “Алтан төлийн эзэн” шагналыг гардуулсан юм. 100 хувиас дээш төл бойжуулсан малчдад олгодог энэхүү шагналын эзэн болсон Ц.Энхжаргалынх 2000 гаруй толгой малтай, жилдээ 500 гаруй ижиг бойжуулдаг аж. Энэ жил Завхан аймгаас туслах малчин гэр бүлээр нь авчирсан. Хажуудаа хоёр ч туслах малчныг ажиллуулдаг байна.
Сүмбэр сумын хувьд сүүлийн гурван жил дараалал малын тоо толгой өсөж буй. Энэ жил 245 мянган толгой мал тоолуулсан. Сумынхаа түүхэнд 10.000 гаруй адуутай болсон хэмээн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга П.Баярхүү онцолж байлаа.
Мөн Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь Дорноговь аймгийн Айраг сумаас төрсөн Монгол Улсын гурван сая дахь иргэний чацуутныхаар зочилж хүндэтгэл үзүүллээ. Тус сумын иргэн Н.Намсрай, Л.Бадамцэцэг нарын хоёр дахь охин Н.Болорсувд 1 дүгээр сарын 24-ны өдрийн 18 цагийн орчим аймгийн нэгдсэн эмнэлэгт мэндэлсэн байна.
Ж.Батсуурь, Дорноговь аймаг гурван сая дахь иргэнээ өлгийдөж авлаа. Хоёр аймгийн хэмжээнд малын тоо толгой таван төрөл дээр өсч, улсын сайн малчдын тоо нэмэгдэж байна. Энэ нь малчин түмний нөр их хөдөлмөрийн хувь нэмэр юм хэмээгээд Монгол түмэндээ сар шинийн мэндчилгээ дэвшүүлсэн юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.