Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
Чуулганы өнөөдрийн /2015.02.13.Баасан гараг/ үдээс хойших хуралдаан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэгээр эхлэх байсан. Гэсэн ч Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг уг асуудлаар 5 хоногийн завсарлага авах горимын санал гаргаж байгаа талаар Улсын Их Хурлын гишүүн Л.Цог танилцуулсныг хүлээн авлаа.Үүний дараа Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд “Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого батлах тухай”, “Монгол Улсын Их Хурлын тогтоолын зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Л.Цог танилцуулсан.
Танилцуулгатай холбогдуулан асуулттай гишүүд байсангүй. Ингээд байнгын хорооны саналаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлах санал хураалт явуулсныг 50,76 хувийн саналаар, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 76,5 хувийн саналаар, “Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг 82 хувийн саналаар дэмжиж тус тус баталлаа. Чуулганы хуралдаан “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлаар үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.