Шинэ нисэх онгоцны буудал барих төслийг дэмжлээ
Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төслийн нэмэлт хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн байна. Энэхүү төслийг хэрэгжүүлэхээр 28.8 тэрбум иений зээлийн гэрээ Японы улсын хөгжлийн албан ёсны туслалцааны хүрээнд 2008 оны тавдугаар сард үзэглэн баталжээ. Нэмэлт санхүүжилт авах асуудлыг 2013 оны УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцжээ. Тухайн үед хэлэлцсэн зээлийн хэлэлцээрийн төсөл зөвхөн гүйцэтгэгч байгууллагад өгөх санхүүжилтийн үлдэгдлийг тусгасан байжээ.
Өнөөдрийн хуралдаанд төслийн захирал Н.Энхбат хэлэхдээ 2008 онд 28,8 тэрбум иенийн зээл авсан. Энэ нь 245 сая орчим ам.доллар. 2013 онд нэмэлт санхүүжилтийн асуудлыг хэлэлцсэн. Үүгээр 300 орчим сая ам.долларыг нэмж тусгахаар болсон. Төслийн нийт санхүүжилт 560 сая ам.долларт багтаж байгаа гэсэн бөгөөд уг төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм.