Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Хэн,Юу хэлэв?

2015 оны 2 сарын 11

Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.02.11.Лхагва гараг/ нэгдсэн хуралдаан 09 цаг 50 минутад 51.3 хувийн ирцтэй эхэлсэн бөгнөөд тус хуралдаанаар хэн ямар байр суурьтай байсныг хүргэж байна.

 

Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Үндэсний статистикийн хорооны даргыг томилох тухай асуудал хэлэлцэв. УИХ-ын дарга З.Энхболд Статистикийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн тус хорооны даргаар Сономцэрэнгийн Мэндсайханыг томилуулахаар санал болгож буйгаа танилцуулсан юм.

УИХ-ын гишүүн О.Содбилэг: Эдийн засаг хямраагүй, сайн сайхан байна гэсэн худал мэдээлэл өгсөөр эдийн засгийн хямралд хүргэсэн

Шинэчлэлийн Засгийн газар эдийн засаг хямраагүй, сайн сайхан байна гэсэн худал мэдээлэл өгсөөр эцэст нь улс орныг өнөөгийн эдийн засгийн хямралд хүргэсэн. Байнгын хороон дээр нэр дэвшигчийн талаар эсрэг саналтай ямар санал байсан бэ. Яагаад тэгэж асууж байна вэ гэхээр Шинэчлэлийн Засгийн газар эдийн засаг хямраагүй гэж мэдээлж байсан. Энэ бүх тоон мэдээллийг Статистикийн хороо өгч байсан болов уу. Үүнийг байнгын хорооноос асууя. Харин нэр дэвшигчээс асуухад өрийн таазыг 58 хувь болсон гэх мэдээллийг хэн өгч байв. Хоёр жил гаруй бидэнд буруу мэдээлэл ирсэн. Үндэсний статистикийн хорооноос өгсөн мэдээлэл гэж бидэнд хэлж байсан. Хаанаа зөв мэдээлэл нь байдаг юм бэ.

Байнгын хорооны дарга Ж.Батсуурь: Худал ташаа байгаа эсэх тухай яриа Байнгын хорооны хуралдааны үеэр гараагүй

Эдийн засгийн байнгын хороо С.Мэндсайханыг ҮСХ-ны даргаар улираан томилохыг дэмжсэн.Тоон мэдээлэлтэй холбоотой асуудлыг байнгын хорооны гишүүд асуугаагүй.Харин тоон мэдээллийн хувьд зөрүүтэй байдаг . Иймд нэг аргачлалаар мэдээллээ гаргадаг байх асуудлаар ярилцсан. Статистикийн байгууллагаас гаргаж буй эдийн засгийн байдал, үнэтэй холбоотой мэдээлэл худал ташаа байгаа эсэх тухай яриа Байнгын хорооны хуралдааны үеэр гараагүй. Харин байнгын хороо тус байгууллагын ажилтай танилцахдаа мэдээллийн бодит байдалд анхаарч эх сурвалжийг сайтар нягтлан нэг аргачлалаар авч байх чиглэл өгсөн.

Нэр дэвшигч С.Мэндсайхан: Буруутай мэдээлэл өгсөн гэдэг нь батлагдвал би хариуцлагаа хүлээнэ

Эдийн засгийн хямралтай байгаа талаар мэдээлэл буруу өгсөн гэдэгтэй санал нийлэхгүй байна. Өнгөрсөн хугацаанд өгч байсан бүх мэдээлэл үнэн зөв гэдгийг хэлэхийг хүсч байна. Тус газар хуулиараа 48 төрлийн мэдээллийг 400 гаруй үзүүлэлтээр тооцож гаргадаг юм. Эдийн засгийн хямрал бол ДНБ-ий өсөлт дараалан буурахыг хэлдэг. Өнөөдөр бол санхүүгийн хямралын асуудал байгаа гэдгийг Статистикийн хорооноос мэдээлж байгаа. Буруутай мэдээлэл өгсөн гэдэг нь батлагдвал би хариуцлагаа хүлээнэ. Өрийн таазыг мэдээллийг гаргадаггүй.

УИХ-ын гишүүн  Б.ГарамгайбаатарХуулийн дагуу үнэн зөв мэдээлэл авах боломжийг энэ байгууллага бүрдүүлж чадсан

С.Мэндсайхан Статистикийн хорооны газрын даргаар ажиллаж байхдаа улс төрийн агуулгатай мэдээлэл өгч байгаагүй. Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байхад тус газар дээр очиж, танилцаж байсан. Дэд даргын асуудлыг Статистикийн хорооны дарга өөрөө томилдог уу. Дэд даргаар Р.Содхүү очсон байгаа. Та энэ хүнийг авах гэж авав уу. Улс төрийн шахаасаар авсан уу.

Нэр дэвшигч С.Мэндсайхан: Ер нь статистикийн мэдээлэл нь улс төрийн болон бусад аливаа сонирхлоос ангид байх ёстой. Би энэ зарчмыг барьж ажиллаж ирсэн. Хэрэв гаргасан мэдээ, мэдээлэл маань алдаатай байх юм бол хариуцлага хүлээхэд бэлэн байна. Үндэсний статистикийн хуулиар хороон дарга нь дэд даргаа томилдог байсан. Хуулийн өөрчлөлтөөр нэг дэд даргатай байхаар болсон. УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан Р.Содхүүг би шийдвэр гаргаж томилсон байгаа.

УИХ-ын гишүүн Л.Цог: Энэ хүн зургаан жил энэ албыг ахлаад явахдаа тайлангаа тавих ёстой. Тайлангаа хэзээ нь тавьдаг юм бэ. Хэр ажилласныг нь хэрхэн дүгнэж байна.

Нэр дэвшигч С.Мэндсайхан: Үндэсний статистикийн хорооны тайланг жил бүр Их хуралд тайлагнах ёстой. Энэ дагуу тайлагнасаар ирсэн. Жил бүр тайлан өндөр үнэлгээтэй байсан гэдгийг хэлмээр байна.  

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан: Та бүхний ирүүлж байгаа тоо хэр үндэслэлтэй байдаг юм бэ. Би хувьдаа эргэлздэг. Ямар аргачлалаар эдийн засгийн өсөлтийг тооцоод байна.

Нэр дэвшигч  С.Мэндсайхан: ДНБ-ээр эдийн засгийн өсөлтийг тооцож байгаа. Энэ аргачлал нь олон улсын хувьд хүлээн зөвшөөрөгдсөн аргачлал юм. Хөндлөнгийн шинжээчид ч энэ аргачлал зөв болохыг хэлж байгаа. Тоон үзүүлэлтийн чанар, хүрэлцээний асуудал дээр цаашид анхаарах зүйл бий. ДНБ-ий гэсэн үзүүлэлтээр Дэлхийн банк, Олон улсын валютын сан, Сангийн яамтай зөрчилдсөн зүйл байхгүй.

УИХ-ын гишүүн М.Энхболд: Шинэчлэлийн засгийн газрын үед өрийн таазаас авахуулан олон тоо баримт хоорондоо зөрөөтэй байсан

Ерөнхий сайд нь хүртэл их хурал дээр орч ирчихээд одоо тоогоо нэгтгэх нь зүйтэй гэсэн зүйлийг яриад байсан. Тариалан эрхлэгчдийн дунд тоо баримттай холбоотой маргаан дэгдээд байна. Үндэсний статистикийн хорооноос гаргасан тоо баримтууд чинь хэрвээ худлаа байсан нь батлагдвал та хариуцлага хүлээж чадах уу.

Нэр дэвшигч Э.Мэндсайхан: Агуулах дээр ирэх үед нэлээд хэмжээний хорогдол гардагдаг

Тариалангийн ургацийг бункер жингээр нь тооцож авдаг. Агуулах дээр ирэх үед нэлээд хэмжээний хорогдол гардагдаг. Цавуулагын хувьд Статистикийн байгууллага тодорхойлдоггүй. Надад хэлэх зүйл алга. Статистикийн мэдээлэл бол улс төр болон бусад ашиг сонирхолоос хол байх ёстой. Би өнгөрсөн зургаан жилийн турш ийм байдалтай ажиллаж ирсэн. Өнөөдөр их хурлын танхимд худлаа мэдээлэл гаргасан байвал түүндээ хариуцлага хүлээхээ илэрхийлж байна. Тариалсан талбай ургацтай холбоотой ямар мэдээлэл байна вэ. Статистикийн байгууллага тухайн нутаг дэвсгэр дээрээ үйл ажиллагаа явуулдаг компаниудаас мэдээлэл авдаг учраас зөрчил үүссэн байхыг үгүйсгэхгүй. Би энэ асуудлыг лавлаж үзье.

ҮСХ-ны даргад С.Мэндсайханыг улираан томилох асуудлыг УИХ хэлэлцэж, гишүүдийн олонхи дэмжлээ.

Дараа нь Авлигатай тэмцэх газрын дэд даргыг томилох тухай асуудал хэлэлцэх асуудалтай холбоотой гишүүдийн байр суурь:

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Прокурор бол Үндсэн хуульд байдаг байгууллага. Авлига бол байхгүй

Иргэд санал ирүүлсэн учраас асуулга тавихад АТГ чих дүлий мэт таг чиг байна. Хэдэн тэрбум төгрөгийн мөнгө угаасан хэргийг алагчилж үзэж байгаа.  Хэдэн тэрбум төгрөгийн хэргийг дарж болох вэ? Мөнгөний сонирхлоор, улс төрийн зорилгоор танай байгууллага ажиллаж байна. Намайг албан тушаалаа хэтрүүлсэн гээд эрүүгийн хэрэг үүсгэх гээд байх юм. Хувийн байгууллагад ийм зүйл байдаг юм уу? ТУЗ-өө хуралдуулсангүй шийдвэр гаргалаа гэнэ. Манай ТУЗ-д гэр бүлийн хүмүүс маань байдаг гэж байна. Бизнесмэнүүдийг дарамтлаад эхэлвэл нэр хүнд чинь унана. Мөрдөн шалгана гэхээсээ илүү урьдчилан сэргийлэх чиглэл дээр өөрөө ямар бодолтой байна вэ?

УИХ-ын гишүүн Д.Оюунбаатар: Энэ байгууллага хүний эрх талаасаа огт анхаарахгүй байна

Асуудалд гоомой хандаж, дураараа аашилдаг. Асуудалд буурьтай суурьтай хандаж ажиллаарай. Дээр нь УИХ-ын хяналт АТГ-т байхгүй байна. Улстөрчийн захиалга, дээд дарга нарын үүргээр явбал түүхэнд эвгүй үлддэг юм.

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл: АТГ хүний эрх, эрх чөлөөг зөрчдөг.  Хүний нэр төрд их халддаг.

Эдийн засгийн хямралд  АТГ зохих нөлөө үзүүлсэн. АТГ-т шалгагдаж байгаа бизнесмэнүүдийн талаар олон улсад мэдээлэл цацагддаг. Тиймээс Монголд хөрөнгө оруулахгүй гэж зугтаж байна. Л.Гансүхийн хэргийг өмгөөлөгч Ц.Баасандоржийг яагаад мөрдөөд байна вэ?  Та хүний эрхийн талаар хэр мэдлэгтэй вэ? Хэр өмч хөрөнгөтэй баян бэ?

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Том дарга нар, том улстөрчид ч энэ ажилд гар дүрэх хэрэггүй

-Хүнд хэцүү, хардлага дагуулдаг ажилд томилогдож байгаа харьцангуй залуу хүний ажилд амжилт хүсч байна. Сүүлийн үед хуулийн байгууллагууд улс төрийн захиалгаар хүнийг ямар нэг зүйлд эрээ цээргүй хутгадаг болсон. 2012 онд сонгуулиар МАН УИХ-д нэр дэвшүүлэх гишүүдийг тодруулж байхад  Анандбазар гэдэг хүнийг АТГ өглөө 06.00 цагт баривчлаад, сонгуулийн дараа сулласан.  Том дарга нар, том улстөрчөөс холуур байгаарай гэж захъя. Том дарга нар, том улстөрчид ч энэ ажилд гар дүрэх хэрэггүй. Долдугаар сарын нэгэнд таван хүний амь нас хохирсон явдал мартагдлаа. Энэ хэрэг яг нарийндаа Монгол улсад гарсан анхны тероризмын хэрэг шүү. Одоо мартагнуулаад хаяах нь.  Цагдаагийн хэдэн дарга нарыг буруу зүйл ангиар хорьчихоод таг дарж болохгүй. Сүүлийн үед манай хуулийн байгууллагууд хүнийг хорьчихаад байцаалт авахгүй тамлаад байдаг болсон байна. Хяналт тавих мөрдөн байцаагч, прокурор нь юу хийж байдаг юм. АТГ руу дайрдаг дайралт сүүлийн үед хэтэрч байгаа. Ийм байж болохгүй.

Цээсүрэнгийн Нямдоржийг Авлигатай тэмцэх газрын дэд даргаар томилохыг дэмжлээ.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар яг одоо Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.

Үргэлжлэл бий........

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17496
0 эможи
keyboard_arrow_up