Ц.Нямдоржийг Авлигатай тэмцэх газрын дэд даргаар томилохыг дэмжлээ
Өнөөдрийн чуулганы хуралдаанаар ҮСХ-ны даргыг томилох асуудлын дараа нь Авлигатай тэмцэх газрын дэд даргыг томилох тухай асуудал хэлэлцэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Болд нар танилцуулав. Хууль зүйн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа энэ асуудлыг хэлэлцээд Ц.Нямдоржийг Авлигатай тэмцэх газрын дэд даргаар томилохыг дэмжсэн юм.
Тус газрын дэд даргын албан тушаалд төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан эрх зүйч мэргэжилтэй, гүйцэтгэх болон мөрдөн байцаах ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн таван жилийн хугацаанд улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй иргэн байх ёстой гэсэн хуулийн заалттай. Нэр дэвшигч Ц.Нямдорж нь 1999-2009 онд Тагнуулын ерөнхий газарт ажилтан, ахлах ажилтан, тасгийн дарга, 2009-2011 онд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны зөвлөх, 2011 оноос Авлигатай тэмцэх газарт Гүйцэтгэх ажлын хэлтсийн 1 дүгээр тасгийн дарга, Гүйцэтгэх ажлын хэлтсийн даргаар ажиллаж байгаа аж.
Ерөнхийлөгчийн санал, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ц.Даваасүрэн, Ц.Оюунбаатар, Ц.Оюунгэрэл, Ц.Нямдорж, Л.Энх-Амгалан, Г.Баярсайхан, О.Болд, Б.Бат-Эрдэнэ, Л.Цог, Д.Сарангэрэл нар Ерөнхийлөгчийн зөвлөх болон нэр дэвшигчээс асуулт асууж тодруулан саналаа хэллээ. Нэр дэвшигч Ц.Нямдорж гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, манай улсын тухайд олон улсын байгууллагын судалгаагаар сүүлийн гурван жилд авлигын индекс буурсан үзүүлэлттэй байгаа. Цаашид энэ үзүүлэлтийг бууруулах үүднээс авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэхэд анхаарч, хуулийн хүрээнд ажиллана гэдгээ илэрхийлэв. Асуулт асууж, үг хэлсэн гишүүд ч хуулийг чанд мөрдөж, хүний эрх, шударга ёсыг сахиж улс төрөөс ангид ажиллах, авлигаас урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх чиглэлд онцгой анхаарч ажиллахыг нэр дэвшигчид захилаа. Эцэст нь Байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон 51 гишүүний нь 41 буюу 80.4 хувь нь Цээсүрэнгийн Нямдоржийг Авлигатай тэмцэх газрын дэд даргаар томилохыг дэмжлээ.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар яг одоо Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.