Үндэсний статистикийн хорооны даргаар С.Мэндсайханыг улируулан томилохыг дэмжлээ

2015 оны 2 сарын 11

Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.02.11.Лхагва гараг/ нэгдсэн хуралдаан 09 цаг 50 минутад 51.3 хувийн ирцтэй эхэлж, 7 асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр болов.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Үндэсний статистикийн хорооны даргыг томилох тухай асуудал хэлэлцэв. УИХ-ын дарга З.Энхболд Статистикийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн тус хорооны даргаар Сономцэрэнгийн Мэндсайханыг томилуулахаар санал болгож буйгаа танилцуулсан юм. С.Мэндсайханы мэргэжлийн бэлтгэл, ур чадвар, төрийн захиргааны байгууллагад удирдах албан тушаал хашиж байсан туршлагыг харгалзан энэ албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж буйгаа тэрбээр хэллээ.

Мөн энэ асуудлаар Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Батсуурь танилцуулсан юм. Тус байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа Үндэсний статистикийн хорооны даргыг улираан томилох тухай асуудлыг хэлэлцээд дэмжжээ.

УИХ-ын даргын танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд нэр дэвшигч болон Байнгын хорооны даргаас асуулт асууж тодруулан саналаа хэлсэн юм. Шинэчлэлийн Засгийн газар эдийн засаг хямраагүй, сайн сайхан байна гэсэн худал мэдээлэл өгсөөр эцэст нь улс орныг өнөөгийн эдийн засгийн хямралд хүргэсэн, энэ талаар Байнгын хороон дээр яригдсан эсэхийг УИХ-ын гишүүн О.Содбилэг тодруулсан юм. Энэ тухайд Байнгын хорооны дарга Ж.Батсуурь “Статистикийн байгууллагаас гаргаж буй эдийн засгийн байдал, үнэтэй холбоотой мэдээлэл худал ташаа байгаа эсэх тухай яриа Байнгын хорооны хуралдааны үеэр гараагүй. Харин байнгын хороо тус байгууллагын ажилтай танилцахдаа мэдээллийн бодит байдалд анхаарч эх сурвалжийг сайтар нягтлан нэг аргачлалаар авч байх чиглэл өгсөн” гэсэн хариулт өгөв.

Харин нэр дэвшигч С.Мэндсайхан “Хямралтай холбоотой мэдээллийг буруу өгсөн гэдэгтэй санал нийлэхгүй байгаа. Өнгөрсөн хугацаанд өгч байсан бүх мэдээлэл үнэн зөв гэдгийг хэлэхийг хүсч байна. Тус газар хуулиараа 48 төрлийн мэдээллийг 400 гаруй үзүүлэлтээр тооцож гаргадаг” гэлээ. Мөн УИХ-ын гишүүн М.Энхболд, Б.Гарамгайбаатар, Л.Цог, Г.Баярсайхан, Д.Ганбат нар нэр дэвшигчээс асуулт асууж тодруулан саналаа хэлэв. Тухайлахад гишүүн Б.Гарамгайбаатар “С.Мэндсайхан нь тус хорооны даргаар ажиллах хугацаандаа улс төрийн өнгө аястай мэдээлэл гаргаж байгаагүй гэдгийг би Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байсны хувьд нотолно. Хуулийн дагуу үнэн зөв мэдээлэл авах боломжийг энэ байгууллага бүрдүүлж чадсан” гэдгийг хэлж байв. Нэр дэвшигч С.Мэндсайхан “Ер нь статистикийн мэдээлэл нь улс төрийн болон бусад аливаа сонирхлоос ангид байх ёстой. Би энэ зарчмыг барьж ажиллаж ирсэн. Хэрэв гаргасан мэдээ, мэдээлэл маань алдаатай байх юм бол хариуцлага хүлээхэд бэлэн байна” гэдгээ нэмж тодотгосон юм.

Ингээд Үндэсний статистикийн хорооны даргаар С.Мэндсайханыг улируулан томилох тухай Байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 46 гишүүний 42 нь буюу 91.3 хувь нь дэмжлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17493
0 эможи
keyboard_arrow_up