ҮСХ-ны даргаар С.Мэндсайханыг томиллоо
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан, АТГ-ын дэд даргад Ц.Нямдоржийг томилох тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ. ҮСХ-ны даргын томилгооны танилцуулгыг УИХ-ын дарга З.Энхболд танилцууллаа.Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Батсуурь танилцуулав. Үүний дараагаар гишүүд асуулт асууж, үг хэллээ.
УИХ-ын гишүүн О.Содбилэг:Байнгын хороон дээр нэр дэвшигчийн талаар эсрэг саналтай ямар санал байсан бэ. Яагаад тэгэж асууж байна вэ гэхээр Шинэчлэлийн Засгийн газар эдийн засаг хямраагүй гэж мэдээлж байсан. Энэ бүх тоон мэдээллийг Статистикийн хороо өгч байсан болов уу. Үүнийг байнгын хорооноос асууя. Харин нэр дэвшигчээс асуухад өрийн таазыг 58 хувь болсон гэх мэдээллийг хэн өгч байв. Хоёр жил гаруй бидэнд буруу мэдээлэл ирсэн. Үндэсний статистикийн хорооноос өгсөн мэдээлэл гэж бидэнд хэлж байсан. Хаанаа зөв мэдээлэл нь байдаг юм бэ.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Эдийн засгийн байнгын хороо С.Мэндсайханыг ҮСХ-ны даргаар улираан томилохыг дэмжсэн.Тоон мэдээлэлтэй холбоотой асуудлыг байнгын хорооны гишүүд асуугаагүй.Харин тоон мэдээллийн хувьд зөрүүтэй байдаг. Иймд нэг аргачлалаар мэдээллээ гаргадаг байх асуудлаар ярилцсан.
С.Мэндсайхан:Эдийн засгийн хямралтай байгаа талаар мэдээлэл буруу өгсөн гэдэгтэй санал нийлэхгүй байна. Эдийн засгийн хямрал бол ДНБ-ий өсөлт дараалан буурахыг хэлдэг. Өнөөдөр бол санхүүгийн хямралын асуудал байгаа гэдгийг Статистикийн хорооноос мэдээлж байгаа. Буруутай мэдээлэл өгсөн гэдэг нь батлагдвал би хариуцлагаа хүлээнэ. Өрийн таазыг мэдээллийг гаргадаггүй.
УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар: С.Мэндсайхан Статистикийн хорооны газрын даргаар ажиллаж байхдаа улс төрийн агуулгатай мэдээлэл өгч байгаагүй. Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байхад тус газар дээр очиж, танилцаж байсан. Дэд даргын асуудлыг Статистикийн хорооны дарга өөрөө томилдог уу. Дэд даргаар Р.Содхүү очсон байгаа. Та энэ хүнийг авах гэж авав уу.Улс төрийн шахаасаар авсан уу.
С.Мэндсайхан: Үндэсний статистикийн хуулиар хороон дарга нь дэд даргаа томилдог байсан. Хуулийн өөрчлөлтөөр нэг дэд даргатай байхаар болсон.УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан Р.Содхүүг би шийдвэр гаргаж томилсон байгаа.
УИХ-ын гишүүн Л.Цог: Энэ хүн зургаан жил энэ албыг ахлаад явахдаа тайлангаа тавих ёстой. Тайлангаа хэзээ нь тавьдаг юм бэ.Хэр ажилласныг нь хэрхэн дүгнэж байна.
С.Мэндсайхан: Үндэсний статистикийн хорооны тайланг жил бүр Их хуралд тайлагнах ёстой. Энэ дагуу тайлагнасаар ирсэн. Жил бүр тайлан өндөр үнэлгээтэй байсан гэдгийг хэлмээр байна.
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан: Та бүхний ирүүлж байгаа тоо хэр үндэслэлтэй байдаг юм бэ. Би хувьдаа эргэлздэг. Ямар аргачлалаар эдийн засгийн өсөлтийг тооцоод байна.
С.Мэндсайхан:ДНБ-ээр эдийн засгийн өсөлтийг тооцож байгаа. Энэ аргачлал нь олон улсын хувьд хүлээн зөвшөөрөгдсөн аргачлал юм. Хөндлөнгийн шинжээчид ч энэ аргачлал зөв болохыг хэлж байгаа. Тоон үзүүлэлтийн чанар, хүрэлцээний асуудал дээр цаашид анхаарах зүйл бий. ДНБ-ий гэсэн үзүүлэлтээр Дэлхийн банк, Олон улсын валютын сан, Сангийн яамтай зөрчилдсөн зүйл байхгүй.
ҮСХ-ны даргад С.Мэндсайханыг улираан томилох асуудлыг УИХ хэлэлцэж, гишүүдийн олонхи дэмжлээ. С.Мэндсайхан тус газрыг дахин зургаан жилийн хугацаандудирдахаар болж байгаа юм.