АТГ-ын дэд даргад нэр дэвшигчийг байнгын хороогоор дэмжлээ
Хууль зүйн байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Авлигатай тэмцэх газрын дэд даргыг томилох тухай асуудлыг хэлэлцсэн юм. Авлигатай тэмцэх газрын дэд даргаар Цээсүрэнгийн Нямдоржийг томилуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр танилцуулав. Тус газрын дэд даргын албан тушаалд төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан эрх зүйч мэргэжилтэй, гүйцэтгэх болон мөрдөн байцаах ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн таван жилийн хугацаанд улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй иргэн байх ёстой гэсэн хуулийн заалттай. Нэр дэвшигч Ц.Нямдорж нь 2013 оноос газрын Гүйцэтгэх албаны даргаар ажиллаж байгаа аж.
Авлигатай тэмцэх газрын дэд даргыг томилох тухай асуудалтай холбогдуулан гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж тодруулсны дараа санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь дэмжлээ.