Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төслийг хэлэлцэхээр болов

2015 оны 2 сарын 10

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2015.02.10/ хуралдаан 9 цаг 35 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр тогтов.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Засгийн газраас энэ сарын 5-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав танилцуулсан юм.

Эрүүгийн хуулийг 2002 онд баталснаас хойш цаг үеийн тухайн нөхцөл байдал, нийгмийн шаардлагаас шалтгаалан 10 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Харин одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хуулийн давуу болон сул талууд, үр нөлөөтэй хэрэгжиж байгаа зүйл заалтыг судлан үзэж хэм хэмжээг тодорхой болгох, ойлгомжгүй буюу оновчгүй хэрэглэсэн зарим нэр томъёог залруулах, олон улсын гэрээ, конвенцид нийцүүлэх талаар нарийн судалж үзсэний үндсэн дээр Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.

Хууль зүйн сайд танилцуулгадаа, шинэчлэлийн Засгийн газрын үед боловсруулж өргөн мэдүүлсэн Гэмт хэргийн тухай хуулийн төслийг шийдлийн Засгийн газар татан авч агуулга, нэр томьёоны зарим өөрчлөлт оруулан Эрүүгийн хууль нэрээр дахин өргөн барьсан. Олон улсын эрүүгийн шүүхийн дүрэмд заасны дагуу нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчмыг хуулийн төсөлд тусгасны зэрэгцээ шинэ төрлийн гэгдэх гэмт хэргийн бүрэлдэхүүнийг мэргэжлийн байгууллагаас ирүүлсэн саналд үндэслэн томьёолж тусгасан. Түүнчлэн Монгол Улсын нэгдэн орж, соёрхон баталсан олон улсын конвенцид заасан эрүү шүүлт тулгах, ялгаварлан гадуурхах, хүүхдийн эсрэг, соёлын өвийн эсрэг, эдийн засгийн болон авлига, албан тушаалын зэрэг гэмт хэргийн бүрэлдэхүүнийг шинээр томьёолж, өнөөг хүртэл хэрэгжиж байсан зарим зүйл, хэсгийн нэр томьёо, ухагдахууныг уламжлуулан хэвээр үлдээх, Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбарыг хуулийн төсөлд тусгах, бусад хуульд заасан нэр томьёог тухайн хуульд зааснаар тусгах гэх мэтчилэн хууль зүйн техникт онцгойлон анхаарсан гэдгээ дурдав.

Түүнчлэн хорих ял биечлэн эдлэх явдлыг багасгах чиглэлд анхаарч гэрийн хорионд байлгах ял, тэнсэх албадлагын арга хэмжээ, гэм буруугаа хүлээсэн хүнд оногдуулах эрүүгийн хариуцлага, өсвөр насны хүнд оногдуулах ял гэсэн шинэлэг заалтыг оруулсан. Ингэснээр хорих ял биечлэн эдлэх явдлыг 20-30 хүртэл хувиар бууруулахын зэрэгцээ ялын үр нөлөө дээшилнэ гэж үзэж байгаа. Мөн Эрүүгийн хуулийг хэрэглэдэг мөрдөн байцаагч, прокурор, шүүгчдийн түгээмэл шүүмжилдэг, хэрэглэхэд бэрхшээлтэй, зүйлчлэхэд эргэлзээ учруулдаг гэмт хэргийн бүрэлдэхүүн, түүний шинж байдлын ялгааг гаргах үүднээс гэмт хэргийн бүлгийг шинээр эрэмбэлж оруулсан гэдгээ тэрбээр хэллээ.

Манай улс Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын нэмэлт II дугаар Протоколд нэгдэж орсонтой холбогдуулан цаазаар авах ялыг бүрмөсөн халсантай холбогдуулан Эрүүгийн хуулиас цаазаар авах ялыг хасчээ. Харин энэ онцгой ялын оронд бүх насаар хорих ялыг хуулийн төсөлд тусгаж, 25 жилийн дараа тодорхой болзол хангаж байвал хугацаатай хорих ялаар сольж болох талаарх зохицуулалтыг шинээр тусгасан байна.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ё.Отгонбаяр, Х.Тэмүүжин, Ж.Батзандан, Л.Болд, З.Энхболд нар асуулт асууж тодруулан УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ, Ё.Отгонбаяр, Х.Тэмүүжин, Л.Болд, С.Эрдэнэ нар үг хэлсэн юм. Хуулийн зүйн сайд гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, Эрүүгийн хуулийн төслийг боловсруулахдаа Зөрчлийн тухай хуулийн төсөлтэй уялдуулан авч үзсэн. Ингэхдээ гэмт хэрэг, зөрчлийн шинж нь адилхан үйлдэл, эс үйлдэхүйг ялган авч үзэж, ялгаж заагласан. Энэ үүднээс одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Захиргааны хариуцлагын тухай хууль, Эрүүгийн хуульд заасан 18 төрлийн үйлдэл, эс үйлдэхүйг эрэмбэлэн, давхардал хийдлийг арилгахаар, урьд нь хуульд тусгаж байгаагүй 45 гэмт хэргийн бүрэлдэхүүнийг шинээр, 182 гэмт хэргийн бүрэлдэхүүнийг өөрчлөн найруулж тусгасан гэдгээ хэлэв. Түүнчлэн хуулийн хуулийн төслөөр албадан ажил хийлгэх хугацаа нь 120-480 цаг, гэрийн хорионд байлгах хугацааг 1-5 жил хүртэл байхаар тусгасан. Мөн гэмт хэрэг хүлээлгэх насны хязгаарын хувьд 16 наснаас эхлэх, харин тодорхой гэмт хэргийн тухайд 14 наснаас эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тусгасан гэсэн хариулт өгсөн юм.

Ингээд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхын саналаар Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов. Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Байнгын хорооны дарга Д.Ганбатаар ахлуулах саналыг гишүүдийн олонх нь дэмжив. Тус ажлын хэсгийг нам, эвслийн бүлгүүд болон бусад Байнгын хороодын төлөөлийг оролцуулан УИХ-ын даргын захирамжаар байгуулж ажиллуулах нь зүйтэй гэж тогтов.

Дараа нь Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Захиргааны хариуцлагын тухай хууль 1992 онд батлагдсанаас хойш 20 гаруй удаагийн нэмэлтээр уг хуулийн тавны нэгд өөрчлөлт орсон боловч Эрүүгийн хуультай харилцан уялдаа, холбоогүй, хэм хэмжээний давхардал үүсгэдэг. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Захиргааны хариуцлагын тухай хууль болон бусад харилцааг зохицуулсан 220 гаруй хуулиар тогтоосон захиргааны зөрчил, түүнд хүлээлгэх захиргааны хариуцлагыг тодорхойлсон хэм хэмжээг төрөлжүүлэн нэгтгэж, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал агуулга, хууль зүйн техникийг баримтлан Зөрчлийн тухай хуулийн төслийг боловсрууллаа. Хуулийн төсөлд албан ёсны санал авахаар 181 байгууллага, судлаачдад хандсанаас давхардсан тоогоор 125 байгууллагаас 1800 орчим санал ирснийг хуулийн төслийн үзэл баримтлалд нийцүүлэн тусгасан гэдгээ Хууль зүйн сайд танилцуулсан юм.

Уг хуулийн төсөл нь нийт 18 бүлэгтэй юм. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар урьд нь эрүүгийн хэрэгт тооцож байсан 32 хэргийг зөрчилд тооцохоор Зөрчлийн тухай хуулийн төсөлд тусгасан бол Захиргааны хариуцлагын тухай хуулиар зөрчил гэж үзэж байсан 22 заалтыг гэмт хэрэгт тооцож хариуцлага хүлээлгэхээр Эрүүгийн хуульд тусгажээ. Түүнчлэн зөрчлийн шийтгэл нь “торгох”, “эрх хасах” гэсэн хоёр хэлбэртэй байхаар хуулийн төсөлд тусгасны зэрэгцээ зөрчил үйлдсэн хувь хүн, хуулийн этгээд нэг зөрчлийг байнга, эсхүл 3 ба түүнээс дээш удаа үйлдсэн бол тухайн зөрчилд заасан хэмжээг нэмэгдүүлж шийтгэл хүлээлгэдэг байхаар заажээ. Зөрчлийн тухай хуулийн төсөл шинээр боловсруулсантай холбогдуулан захиргааны хариуцлага хүлээлгэхээр заасан нийт 200 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах юм байна.

Хууль санаачлагчийн танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж тодруулан саналаа хэлсний дараа санал хураалт явуулахад Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанди оруулж хэлэлцүүлэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 76.9 хувь нь дэмжсэн юм.

Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Авлигатай тэмцэх газрын дэд даргыг томилох тухай асуудлыг хэлэлцсэн юм. Авлигатай тэмцэх газрын дэд даргаар Цээсүрэнгийн Нямдоржийг томилуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр танилцуулав. Тус газрын дэд даргын албан тушаалд төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан эрх зүйч мэргэжилтэй, гүйцэтгэх болон мөрдөн байцаах ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн таван жилийн хугацаанд улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй иргэн байх ёстой гэсэн хуулийн заалттай. Нэр дэвшигч Ц.Нямдорж нь 2013 оноос газрын Гүйцэтгэх албаны даргаар ажиллаж байгаа аж.

Авлигатай тэмцэх газрын дэд даргыг томилох тухай асуудалтай холбогдуулан гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж тодруулсны дараа санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь нэр дэвшигчийг дэмжсэнээр байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17440
0 эможи
keyboard_arrow_up