Өргөдлийг судалж, шийдвэрлэхдээ УИХ-ын бүх гишүүний саналыг сонсоно

2015 оны 2 сарын 09

Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү өнөөдөр /2015.02.09/ иргэдээс ирүүлж буй өргөдлийн мэдээг сонсож, хэлэлцэж байх талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

Өргөдлийн байнгын хороо өргөдөл шийдвэрлэх үйл ажиллагааг боловсронгуй болгохоор Улсын Их Хурал дахь намын бүлгүүд, бие даан нэр дэвшиж сонгогдсон гишүүдэд холбогдох мэдээллийг өгч, тэдгээрийн саналыг авч хамтран ажиллахаар шийдвэрлээд байгаа юм.

Мэдээллийн эхэнд байнгын хорооны дарга О.Баасанхүү, иргэдээс ирүүлж буй өргөдлийн мэдээг сонсож, хэлэлцэж байх, тус байнгын хороонд судлагдан байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр төлөвлөж буй өргөдлийг танилцуулж бусад бүх гишүүдийн саналыг авч байхаар шийдвэрлээд байгаа тухай хэлээд Улсын Их Хурал дахь намын бүлгүүд, бие даагч гишүүдийн зөвлөлд тус байнгын хорооны үйл ажиллагааг мэдээлж байх 1 гишүүн томилуулан ажиллуулахаар саналаа хүргүүлсэн тухай хэлсэн юм. 

Мөн тэрээр, энэ удаад 1 дүгээр сард Архангай, Баянхонгор аймгийн иргэдээс нийт 129 өргөдөл ирүүлсэн тул ийнхүү саналуудын талаар мэдээлж, тухайн тойргоос сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр, Б.Болор, Х.Баттулга, Д.Ганбат нарт иргэдийн саналыг хүргүүлэхээр ажиллаж байна хэмээн танилцуулсан.  

Байнгын хороонд нэг аймгийн иргэдээс нэг сарын хугацаанд 100-аас дээш өргөдөл ирүүлсэн тохиолдолд тухайн тойргоос сонгогдсон гишүүдэд иргэдийн саналыг танилцуулах, тухайн асуудалд дүн шинжилгээ хийн, хэрхэн судалж, хянан үзэж байгаа тухай мэдээллийг өгөх, саналыг авч ажиллахаар болсон байна.

Харин нэг сонгуулийн тойрог буюу орон нутгийн иргэдээс 500-аас дээш өргөдөл ирүүлсэн тохиолдолд Байнгын хорооны гишүүд газар дээр нь очиж танилцах, 900-аас дээш өргөдөл ирүүлсэн тохиолдолд Байнгын хорооны хуралдаанаар авч хэлэлцэх юм байна.

Архангай, Баянхонгор аймгийн иргэдээс ирүүлсэн өргөдөл, саналын хувьд ихэвчлэн урт нэртэй хуулийн хэрэгжилтийн талаар болон нийгмийн хамгааллын чиглэлээр өргөдөл ирүүлсэн байна.

Тухайлбал, Архангай аймгийн Өндөр-Улаан, Их тамир, Өгийнуур сумдын нэр бүхий 20 иргэн Өндөр-Улаан сумын Азарга багийн Шаргачины голын ай сав газарт “Нуклер Энержи Монголиа” ХХК ураны хайгуул явуулсны улмаас малаас гаж төл гарах болсон, худаг ширгэж байгаа тул үйл ажиллагааг нь зогсоож, тусгай зөвшөөрлийг нь цуцалж өгөх, мөн тус аймгийн 27 иргэн Их тамир сумын Эрдэнэ толгой багийн “Мөнгөт” гэдэг газар БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани 2014 оноос ураны хайгуулын ажил явуулж байгаа тул үйл ажиллагааг нь зогсоож, тусгай зөвшөөрлийг нь цуцалж өгөх зэрэг өргөдлүүдийг гаргажээ.

Түүнчлэн Баянхонгор аймгийн Баянхонгор, Баян-Өндөр, Богд сумдын иргэдээс нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлаар нэр бүхий 5 иргэн, Малчдын өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг урагшлуулж, эмэгтэй 50, эрэгтэй 55 нас болгож өөрчлөх, залуу малчдыг дэмжих бодлогыг төрөөс гаргах, нэр бүхий 3 иргэн, өндөр насны тэтгэврийн зээлийн хүүг багасгах, цалин, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай зэрэг өргөдлүүдийг ирүүлсэн байна.

Мэдээллийн төгсгөлд байнгын хорооны дарга, иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, саналууд хэнд очсон, хэрхэн шийдвэрлэгдэж буй талаар мэдээлэл хомс, иргэдээс өргөдөл шийдвэрлэлтийн ажиллагаанд хяналт тавих боломж хязгаарлагдмал байгаа тул ийнхүү өнөөдөр 129 өргөдөл ирүүлсэн хоёр аймгийн иргэдийн өргөдөл, саналын талаар танилцуулж цаашид байнгын хороо ард иргэдийнхээ гүүр болж ажиллана хэмээн мэдэгдсэн. Мөн, тэрээр дээрх асуудлаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17339
0 эможи
keyboard_arrow_up