Захиргааны ерөнхий хуулийн төслийг өргөн барив
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2015.02.06/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр Захиргааны ерөнхий хуулийн төслийг өргөн барив.
Манай улсад захиргааны үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хэрэгжиж эхлээд 11 жил, Захиргааны хэргийн шүүх үйл ажиллагаагаа явуулж эхлээд 9 жилийн хугацаа өнгөрөөд байна. Тиймээс шинээр боловсруулагдаж байгаа Захиргааны ерөнхий хуулийг хүлээн авах эрх зүйн орчин болон энэ хуулийг захиргааны байгууллага, иргэдийн зүгээс хүлээн авах нийгэм-сэтгэл зүйн үндэс суурь бүрдсэн гэж үзэж буйг тэрээр Улсын Их Хурлын даргад танилцуулав.
Энэ хуулийн төсөл нийтийн эрх зүйн хүрээнд гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэн захиргааны байгууллагаас захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт гаргах, захиргааны гэрээ байгуулах замаар иргэн, хуулийн этгээдтэй харилцах үйл ажиллагааны эрх зүйн суурь зохицуулалтыг бүрдүүлэх зорилготой.
Хуулийн төсөл боловсруулахдаа ХБНГУ, Испани, Япон, Латви, Нидерланд зэрэг орны хуулиудтай харьцуулсан судалгааг хийснээс гадна хууль сахиулах байгууллагуудын мэргэжилтнүүд, салбарын судлаач, эрдэмтэд, олон нийтийн оролцоотой хэд хэдэн шатны хэлэлцүүлэг явуулсан байна. Эдгээр хэлэлцүүлгийн явцад гарсан саналуудыг хуулийн төсөлд тусган 11 бүлэг, 108 зүйлтэйгээр боловсруулжээ.