Байнгын хорооны дарга академийн хамт олонтой уулзав

2015 оны 2 сарын 06

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос эрхлэн өнөөдөр /2015.02.06/ Батлан хамгаалахын удирдлагын академийн багш, судлаач, сонсогчидтой уулзалт зохион байгуулав.

Энэ үеэр тус УИХ-ын гишүүний зөвлөх, Геополитикийн хүрээлэнгийн захирал Д.Мягмар Монгол Улсын батлан хамгаалах бодлого, геополитикийн аюулгүй байдлын нөхцөл байдлын тухай, Байнгын хорооны ахлах зөвлөх Ч.Сосорбарам Улсын Их Хурлын хууль тогтоох, төрийн бодлого тодорхойлох үйл ажиллагаа, Байнгын хорооны бүрэн эрх, үндсэн чиг үүргийн талаар уулзалтад оролцогчдод мэдээлэл өгсөн юм. 

Мөн уулзалтад оролцогчдод хандаж үг хэлсэн УИХ-ын гишүүн М.Сономпил нэгэн цагт Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсны хувьд энэ салбарын бодлого, үйл ажиллагааг УИХ, Засгийн газар дээр үргэлж дэмжиж ирснээ онцлоод хамт ажиллаж байсан багш, судлаачидтайгаа уулзахад сэтгэл таатай байгааг хэлсэн бол Ерөнхий сайдын зөвлөх Б.Батсайхан батлан хамгаалах салбарын бүхий л үйл ажиллагааг дэмжих, зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүний ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангахад шийдлийн Засгийн газар анхаарч ажиллах болно гээд Ерөнхий сайдын мэндчилгээг тэдэнд уламжлав. 

Дараа нь Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр уулзалтад оролцогчдод хандаж хэлсэн үгэндээ, тус байнгын хороо батлан хамгаалах салбарын бодлого, үйл ажиллагааг цаг ямагт анхаарч, байнга дэмжиж ирсэн. Тухайлахад энэ оны улсын төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэх шатанд энэ салбарын төсөвт байнгын хорооны гишүүд ихээхэн анхаарч хүчин чармайлт гаргасны үр дүнд Зэвсэгт хүчний хөгжлийн санд 5 тэрбум төгрөг нэмж тусгууллаа. Түүнчлэн Засгийн газраас өргөн мэдүүлсэн Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж төсөл санаачлагчид нь буцаасныг онцлов.

Түүнчлэн үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг шинэчлэн баталсантай уялдуулан төрийн цэргийн бодлогын үндсийг Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс болгож шинэчлэх асуудлыг УИХ-ын 2015 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлж батлуулахаар байнгын хороо ажиллаж байна. Төрийн цэргийн бодлогыг батлан хамгаалах бодлого болгож шинэчлэхтэй холбогдуулж салбарын нэлээд хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай болох юм. Мөн зэвсэгт хүчнээ хөгжүүлэх алсыг харсан бодлого чухлаар тавигдаж байна. Энэ үндсэн дээр Монгол Улсын “Төрийн цэргийн бодлогын үндэс” баримт бичиг болон “Зэвсэгт хүчний байгуулалтыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, цэргийн зэвсэглэл, техникийн хадгалалт, хамгаалалтын байдалд шалгалт хийж санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Байнгын хорооны тогтоолоор байгуулан ажиллаж байгааг дурдлаа.

Уулзалтын төгсгөлд Батлан хамгаалахын удирдлагын академийн захирал, бригадын генерал Н.Энхбаялаг тус академийг анх 1993 онд тухайн үеийн Батлан хамгаалах яамны сайд, дэслэгч генерал Ш.Жадамбаагийн тушаалаар байгуулж байсныг дурдаад өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд 10 удаагийн төгсөлтөөр 1200 гаруй мэргэжилтэн боловсон хүчин бэлтгэж гаргасан тухай товч танилцуулав.

Уулзалтад оролцогчид дараа нь Төрийн ордон, УИХ-ын чуулганы үйл ажиллагаатай танилцсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17221
0 эможи
keyboard_arrow_up