Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзлээ
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2015.02.03/ хуралдаанаар Засгийн газраас 2014.06.12-ны өдөр Чөлөөт бүсийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын бүртгэлийн ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хилийн боомтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслийн талаар Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат танилцуулсны дараа гишүүд сайдаас болон ажлын хэсгээс асууж тодруулсан. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, “Алтанбулаг”, “Замын-Үүд”, “Цагааннуур”-ын чөлөөт бүсийг байгуулснаас хойш хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийгдсэн бэ, ашиг орлого нь хэр байгаа вэ хэмээн тодруулсан.
Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатын хэлснээр, чөлөөт бүсүүдэд улсын төсөв, гадаадын хөнгөлөлттэй зээлээс хөрөнгө зарж, дэд бүтцийн зураг төсөв, төлөвлөлт, барилга байгууламжийн зарим ажлуудыг хийж байгаа боловч хөрөнгө оруулалтын үр ашиг хангалтгүй байгаа аж. Улсын төсвөөс дээрх гурван чөлөөт бүсэд 31.7 тэрбум төгрөг, гадаадын хөнгөлөлттэй зээлээс 31.3 сая ам долларыг тус тус зарцуулаад байгааг ажлын хэсэг тодруулж хэлсэн юм. Түүнчлэн чөлөөт бүсүүдийн үйл ажиллагаа идэвхжсэнээр гадаад, дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэнэ хэмээн тооцож байгаа бөгөөд “Алтанбулаг”, ”Цагааннуур”-ын чөлөөт бүсийн мастер төлөвлөгөөнд тусгагдсанаар 2020 он гэхэд дээрх хоёр бүсийн бараа эргэлт 500-600 сая ам.долларт хүрч, транзит тээвэр нэмэгдэнэ хэмээн нэмж хэллээ. Мөн газрын төлбөрийн орлого л гэхэд 3-4 тэрбум төгрөгт хүрнэ гэсэн тооцоо бий ажээ.
УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар, чөлөөт бүсийн талаар сүүлийн 15 жил ярьж байгаа ч өнөөг хүртэл дорвитой үр дүнд хүрч чадсангүй хэмээн шүүмжлээд, одоо чөлөөт бүсийн ажлыг идэвхжүүлэх нь зүйтэй гэсэн саналтай байсан. Тэрбээр чөлөөт бүсэд казино байгуулах нь зүйтэй гэсэн санал ч хэлсэн. Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, чөлөөт бүсүүдийн ажил энэ хавраас эрчимжинэ гээд гадаадын хөрөнгө оруулагчдыг өрсөлдөөний журмаар сонгон шалгаруулах болно гэж онцолсон. Тэрбээр казино байгуулах асуудал хуулийн хүрээнд зохицуулагдах учиртай гэдгийг мөн тодруулж хэлсэн.
Дараа нь хуулийн төслүүдийн талаарх саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусан, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.
Үүний дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцлээ. Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаараа дээрх маргааныг хэлэлцээд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.2 дахь заалтын “төлбөр төлөгч болон түүний гэр бүлийн гишүүний улирал бүрийн нэг ээлжийн хувцас” гэж заасны “...болон түүний гэр бүлийн гишүүний...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 14 дэх заалтын “... Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно” гэснийг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан байна. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлсэн. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэсэн саналтай байлаа. Түүний саналыг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан мөн дэмжсэн. Тэрбээр, Цэцийн дүгнэлтийг хүлээн аваад, хуулиа засаад явах нь зөв. Гэхдээ зарим зүйлийг хэлэх хэрэгтэй байна. Их хэмжээний хохирол учруулаад, гэмт хэргийн замаар олж авсан мөнгөөрөө эхнэртээ үнэт эдлэл аваад өгчих юм уу, эхнэр хүүхэд, гэр бүлийнхнийхээ нэр дээр эд хөрөнгөө шилжүүлчихдэг тохиолдол бий. Тэрхүү хөрөнгийг гэмт хэргийн замаар олж авсан гэдэг нь тогтоогдсон тохиолдолд хураан авахаас аргагүй. Тийм болохоор ял зэмлэлийг халдаан хэрэглэхгүй гэдэг ойлголтыг ялгаж ойлгох нь зүйтэй байх хэмээсэн. УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар, Цэцийн шийдвэрийг хүлээн авахаас өөр аргагүй гэсэн бол УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.2 дахь заалт Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн байр суурьтай байсан юм. Гишүүд ийнхүү хэлэлцээд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.2 дахь заалтын “...болон түүний гэр бүлийн гишүүний...” гэснийг хасах нь зүйтэй хэмээн үзэн санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо.
Мөн хуралдаанаар Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ц.Нямдоржоор ахлуулан байгууллаа.