Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
Чуулганы /2015.01.30/ үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын Олон Улсын хөдөлмөрийн байгууллагын “Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний тухай” 88 дугаар /Засгийн газар 2015.01.20-ны өдөр өргөн мэдүүлсэн/ Конвенцид нэгдэн орох тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа.
Хууль санаачлагчийн илтгэлийг Хөдөлмөрийн сайд С.Чинзориг, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Баярсайхан нар танилцуулав.
Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас энэхүү Конвенцийг хүн амын бүрэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор 1948 онд баталсан бөгөөд дэлхийн 89 орон нэгдсэн орсон байна. Манай улсад хөдөлмөр эрхлэлтийн бүх шатны байгууллага 10 гаруй хуулийн хүрээнд төрийн бодлогыг хэрэгжүүлж, үйлчилгээ үзүүлж байгаа боловч хөдөлмөрийн салбарын хууль эрх зүйн орчин боловсронгуй бус байгаагаас бодлогын нэгдмэл байдал хангагдахгүй байгаа нь үйлчилгээний үр дүнг бууруулж, улмаар хөдөлмөрийн насны хүн амын бүрэн хөдөлмөр эрхлэлтийг бий болгоход бэрхшээл учруулж байгаа аж. Иймээс уг Конвенцид нэгдэн орж, түүний агуулгад нийцүүлэн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгосноор хөдөлмөр эрхлэлтийн төрийн үйлчилгээний стандарт, чанар, соёлыг олон улсын жишигт нийцүүлэх, хөдөлмөрийн ажилтнуудыг чадавхижуулах, төрийн зарим үйлчилгээг хувийн хэвшилд шилжүүлэх зэргээр үйлчилгээний үр дүнг дээшлүүлэх боломж бүрдэнэ гэж үзсэн байна.
Мөн хуралдаанаар “Хөдөлмөр эрхлэлтийн хувийн байгууллагын тухай” Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 181 дүгээр Конвенцид нэгдэн орох тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүд гараагүй тул хуулийн төслийг батлах санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Үүний дараа “Антарктидийн тухай гэрээнд нэгдэн орох тухай” хуулийн төслийг хэлэлцсэн юм. /Засгийн газар 2015.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэгдэн орох/
Хууль санаачлагчийн илтгэлийг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Болор нар танилцуулав.
Танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүд гараагүй тул хуулийн төслийг батлах санал хураалтыг хуралдаанд оролцсон гишүүд 87,8 хувийн саналаар дэмжив.
Түүнчлэн хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогт танилцуулсан. Тус байнгын хорооны хуралдаанаас хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасан байна. Ингээд байнгын хорооны саналаар хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр батлах саналыг хуралдаанд оролцсон гишүүд 79,6 хувиар дэмжсэнээр өнөөдрийн чуулганы хуралдаан 21 цагт өндөрлөлөө.