Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дахин сайжруулж оруулж ирэх горимын саналыг дэмжив

2015 оны 1 сарын 30

Чуулганы өнөөдрийн /2015.01.30/ үдээс хойших нэгдсэн хуралдаан Нийтийн сонсголын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар үргэлжилж, байнгын хорооны саналаар Нийтийн сонсголын тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн заалтыг хүчингүй болгох тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулиудын төсөл болон Нийтийн сонсголын тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсныг 61,9 хувиар дэмжиж анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.

Үүний дараа Хүүхэд харах үйлчилгээний тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. /Монгол Улсын Ерөнхийлөгч 2014.10.31-ний өдөр өргөн мэдүүлсэн/

Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг танилцуулав.

Төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхэд гишүүдийн зүгээс хуулийн төслийн нэр томьёог боловсронгуй болгох, хуулийн төсөл бодит хэрэгцээ, шаардлагад нийцсэн байх, хүүхдэд стандартын боловсрол олгох тухай асуудлыг тусгах, хүүхэд харах төвийн ажилтнуудын үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, бизнесийн сүлжээ үүсэхээс урьдчилан сэргийлэх, хязгаарлах зэрэг заалт оруулахыг санал болгосон байна.

Хэлэлцүүлгийн шатанд байнгын хорооноос дэмжсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураах явцад гишүүд асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн зүгээс хуулин дээр байгаа аливаа хориглосон заалтууд заавал зохицуулалттай байх ёстой. Харин хоосон тунхагын шинжтэй заалт байж болохгүй. Хүүхдийг монгол уламжлалт амьдрах ухаанд сургаж хөгжүүлэх гэсэн санааг дэмжиж байгаа ч орчин үеийн дэвшилтэд технологоос хоцруулж болохгүй. Төсөлд цахим хэрэглээг хасч, телевиз үзэх цагийг 30 минут байсныг 60 минут өөрчлөхөөр оруулж ирсэн байна. Энэ нь нийгмийн ухралт хийж байна гэсэн үг. Хүүхдийн цахим хэрэглээний цаг хугацааг хязгаарлаж болно. Харин огт хасч болохгүй. Цахим хэрэглээг телевиз үзэх хугацаатай адилтгаж өгөх хэрэгтэй гэж байлаа. Мөн хүүхэд харах төвийн санхүүжилтийн зарчим болон ашгийн бус гэж байгаа ч ашиг яриад байгаад шүүмжлэлтэй хандаж эдгээрт тодорхой хариулт байхгүй байгааг хэлж байв. Түүнчлэн хууль гаргах гэхээр зохицуулалт нь ойлгогдохгүй байна. Нэгдүгээрт энэ нь буяны байгууллага юмуу. Ашгийн бус гэчихээд ашиг яриад байх юм. Эрх зүйн байдлаар юу гэж ойлгох нь тодорхойгүй байна гэсэн шүүмжлэлийг хэлж байв.

Ингээд зарчмын зөрүүтэй саналын томьёоллын 13 дахь санал хураалтын явцад Ажлын хэсгээс хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг байнгын хороон дээр дахин үргэлжлүүлж чуулганы хуралдаан дээр гишүүдээс гаргасан саналуудыг тусган сайжруулаад оруулж ирэх горимын санал гаргасныг хуралдаан даргалагч хүлээн авав.

Чуулганы хуралдаан Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16867
0 эможи
keyboard_arrow_up