НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй төслүүдийн явцын тайланг хэлэлцэв
Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь”, “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төслүүдийг хэрэгжүүлж байгаа билээ. Төслүүдийн хэрэгжилтийн явцын талаарх тайланг өнөөдөр /2015.01.30/ талуудын оролцоотойгоор хэлэлцсэн юм.
Төслийн хүрээнд Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 7000 гаруй төлөөлөгчийг хамруулсан үндэсний хэмжээний сургалтыг анх удаа зохион байгуулсан байна. Энэ хүрээнд хууль эрх зүйн хүрээ, шийдвэр гаргах ажиллагаа, иргэдийн оролцоо, төсөв боловсруулах, батлах, санхүүгийн удирдлага, ёс зүй, ногоон хөгжил, хүний эрх ба жендер гэсэн сэдвүүдээр сургалт явуулсан байна. Үүний зэрэгцээ төлөөлөгчид цахим орчинд харилцан суралцах, туршлага солилцох, хурлын байгууллагын ил тод ажиллагааг хангах боломж нээгджээ. Уг цахим хуудас нь 361 хурлын байгууллагыг нэгтгэсэн, дэд хэсгүүдтэй хуудас юм. Цахим хуудас нээгдсэнээс хойш өдөрт дунджаар 600 гаруй хандалттай болж, 80 гаруй мэдээллээр шинэчлэгддэг аж.
“Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төслийн хүрээнд УИХ, цахим хуудас хөгжүүлэх, иргэдээс өргөдөл гомдол хүлээн авах онлайн систем, хуулийн төсөл боловсруулах ажиллагааны бүртгэл, видео хурлын төхөөрөмж зэрэг цахим засаглалын аргуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлжээ. Хууль боловсруулах, үүний дотор иргэдтэй зөвлөлдөх ажиллагааг сайжруулах зорилготой Хуулийн тухай хуулийн төслийг боловсруулахад НҮБХХ-ийн зүгээс дэмжлэг үзүүлсэн бөгөөд уг хуулийн төслийг Засгийн газар, УИХ-д өргөн барьж эхний хэлэлцүүлэг эхлээд байна. Хууль боловсруулах талаар олон улсын туршлага, хуулийн текстийг боловсруулах, нөлөөллийн үнэлгээг хийхэд техникийн туслалцаа үзүүлжээ. Ийнхүү төслүүд үр дүнгээ өгч байгааг оролцогчид хэлж байсан.
Энэхүү арга хэмжээнд Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Төслийн үндэсний захирал Б.Болдбаатар, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурин зохицуулагч Сезин Синаноглу нар болон албаны бусад хүмүүс оролцов.