Нийтийн сонсголын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2015 оны 1 сарын 30

Чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Төслийн талаарх Төсвийн Байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Ганхуяг танилцуулав.

Энэ тогтоолын төсөлд, Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгахаар тусгажээ.

Тухайлбал, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиуд баталсантай холбоотойгоор Нийслэл хотын албан татварын тухай, Хөрөнгийн албан татварын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэж, энэхүү татвараас бий болох орлогын эх үүсвэрийг орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, орон нутгийн төсвийн суурь зарлагаас давсан орлогыг улсын төсөвт шилжүүлэх арга хэмжээ авах, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын төсвийн тухай хуулийг эдийн засгийн тогтвортой өсөлт болон валютын ханшны тогтвортой байдлыг богино, дунд, урт хугацаанд бий болгох үндсэн зорилтын хүрээнд гадаад, дотоодын шууд хөрөнгө оруулалт, экспортын орлогыг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийг дэмжих арга хэмжээг боловсруулж, Улсын Их Хуралд танилцуулахыг даалгасан байна.

Мөн төсөлд, Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсэгт заасны дагуу стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа хуулийн этгээд нь хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр худалдах, худалдан авах замаар хөрөнгийн зах зээлд оролцох, санхүүжилт босгох зорилтыг хэрэгжүүлэх, олон улсын хөрөнгийн зах зээлд Монгол Улсын нэр хүндийг өсгөх боломжийг судалж хэрэгжүүлэх, Монгол Улсын төсвийн тухай хуулийн төслийг боловсруулахдаа гол нэр, төрлийн эрдэс баялгийн үйлдвэрлэлийн биет хэмжээг тухайн жилийн хүлээгдэж байгаа гүйцэтгэл болон уул уурхайн салбарын аж ахуйн нэгжүүдийн санал, тухайн салбарын урт, дунд хугацааны үйлдвэрлэлийн төлөвлөгөөний төсөөлөлд үндэслэн тооцоолдог аргачлалыг боловсруулж мөрдүүлэх, орлогын бүрдүүлэлтийг сайжруулах чиглэлээр Засгийн газар нөөц бололцоогоо бүрэн дайчлах зэрэг арга хэмжээ авахыг даалгахаар тусгажээ.

Төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт тавьж, саналаа илэрхийлсний дараа санал хураахад гишүүдийн олонх уг тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

Улсын Их Хурлын чуулганы үдээс өмнөх хуралдаан Нийтийн сонсголын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16825
0 эможи
keyboard_arrow_up