Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар завсарлалаа
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2014.04.17/ үдээс хойшхи хуралдаанаар Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийлээ.
Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн болон холбогдох хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй болон найруулгын чанартай саналын томьёоллуудаар санал хураалт явууллаа. Соёлын өвийн зэрэглэл, түүнийг тогтоох шалгуур, түүх, соёлын дурсгалт зүйлийг хилээр нэвтрүүлэх, соёлын биет бус өвийг сэргээн уламжлуулах, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчийн эрх, үүрэг, соёлын өвийг хамгаалах тухай хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагын талаар хуулийн төсөлд тусгасан саналуудыг гишүүд нэлээн тодруулан ярилцсан. Зарчмын зөрүүтэй болон найруулгын чанартай нийт 90 гаруй саналын томьёоллоор санал хураалт явуулан эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлэхээр боллоо.