Хууль тогтоомжийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015.01.29/ үдээс хойших нэгдсэн хуралдаан 14 цаг 50 минутаас үргэлжилж, эхлээд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Ж.Батзандан хийсэн юм.
Тус байнгын хороо энэ сарын 06-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх тухай асуудлыг хэлэлцэж, чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарын төслийг бэлтгэжээ. Байнгын хорооны хуралдаанаар дээрх хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар улсын бүртгэлийн байгууллага нь нэг ашигтай бизнесийн болон нэг намын нэрийг олон дахин хувилж, ард нь цэг, таслал тавьж хуулийн этгээдийн оноосон нэрээр тоглохгүй байх, үйлчлүүлэгчийн аль нэг талд үйлчлэхгүйгээр аливаа асуудалд хариуцлагатай, шударга ажиллах, улсын бүртгэлийн мэргэжилтнүүд мэргэшсэн байх шаардлагыг хуульд тусгах зэрэг санал гаргасан аж. Мөн УИХ-ын гишүүн Д.Ганбат Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Гэрээт харуул хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 2 дугаар зүйлийн 1 дэх заалт буюу 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн “мэдэгдэнэ” гэснийг “бүртгүүлнэ” гэж өөрчлөх санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжжээ.
Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү асуулт асууж тодруулсны дараа Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 55.7 хувь нь дэмжив. Ингээд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг батлах санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 59 гишүүний 38 нь буюу 64.4 хувийн саналаар дэмжлээ. Мөн уг хуулийн төслийг дагалдаж өргөн баригдсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төр, сүм хийдийн харилцааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг 29 хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 54.4-82.6 хувийн саналаар дэмжиж баталлаа. Түүнчлэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг батлахыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжив.
Дараа нь “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-ыг шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны танилцуулгыг сонсов. Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт гараагүй тул гүйцээн боловсруулах чиглэлээр ажлын хэсгээс гаргаж байнгын хороогоор дэмжигдсэн зарчмын зөрүүтэй 9 санал, найруулгын чанартай 4 саналаар санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авав. Ингээд байнгын хорооны саналаар тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон 53 гишүүний 47 нь буюу 88.7 хувийн саналаар дэмжлээ.
“Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-ын шинэчлэн найруулсан төсөлд боловсролын хөгжлийн стратегийг:
-Сургуулийн өмнөх боловсролыг “хүүхдийг сургах, сургуульд бэлтгэх” гэсэн зорилгоос илүүтэйгээр хүний хөгжлийн үндэс суурь, өөрийн онцлог, чадвар, бүтээлч үйлээрээ хөгжих, насан туршийн боловсролын чухал үе,
-Бага боловсролыг эх хэлний суурь чадамжийг эзэмших боломжийг бүрдүүлэн бүтээлч, мэдээлэл боловсруулах, шийдвэр гаргах чадвар бүхий сурах арга барилтай монгол хүүхэд төлөвших үе,
-Суурь боловсролыг амьдрах ухаан болон шинжлэх ухааны суурь мэдлэг, чадварыг эзэмшин, бүтээлчээр бие даан суралцах чадвар бүхий иргэн төлөвших үе,
-Бүрэн дунд боловсролыг хүүхэд бүрийн сонирхол, авьяас чадвар, хөгжлийн онцлогт нийцсэн, сонголттой уян хатан хөтөлбөрөөр мэргэжлийн суурь эзэмших үе,
-Дээд болон мэргэжлийн боловсролыг иргэдийг хөдөлмөрийн даяарчлагдсан зах зээлд амжилттай өрсөлдөх, бие даан ажлын байр бий болгох, улс үндэстний болон нутаг орны тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, үндэсний инновацийн чадавхийг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах чадамжтай болгох үе хэмээн хөгжүүлэхээр тодорхойлсон байна.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэндийн албан журмын даатгалын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл энэ талаарх Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны танилцуулгадаа, чуулганы нэгдсэн хуралдаанаар олонхын дэмжлэг авсан болон гүйцээн боловсруулах чиглэл өгсөн саналуудыг нэгтгэж төслийн эцсийн хувилбарыг бэлтгэсэн талаар дурдав.
Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт асуулт асууж тодруулсны дараа Байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй 7 саналын томьёоллоор санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн юм. Ингээд байнгын хорооны саналаар Эрүүл мэндийн албан журмын даатгалын тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 81.0 хувь, Эрүүл мэндийн албан журмын даатгалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг 89.7 хувийн саналаар дэмжиж батлав. Мөн уг хуулийн төслийг дагалдаж өргөн баригдсан хуулийн төслүүдийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 74.1-86 хувийн саналаар дэмжсэн юм.
Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг 1993 онд баталснаас хойш нийтдээ 9 удаа нэмэлт, өөрчлөлт оруулж, 2002 онд шинэчлэн найруулжээ. Харин даатуулагчийн эрх, үүргийг хуулиар тодорхой болгож, чанартай, аюулгүй тусламж үйлчилгээг хүртээмжтэйгээр авах, үйлчилгээтэй холбоотой санал гомдлоо гаргах, эрүүл мэндийн болон даатгалын байгууллагаас шаардлагатай мэдээллээ авдаг үндсэн эрхүүдийг хуулиар баталгаажуулах шаардлагын үүднээс Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг шинэчлэн найруулж “Эрүүл мэндийн албан журмын даатгалын тухай хууль”-ийн төслийг боловсруулсан нь ийнхүү батлагдаж байгаа юм.
Дараа нь УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн /утаат тамхи татах цэгийг тодорхойлж, байгуулах тухай/ эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар танилцуулав. Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт гараагүй тул Байнгын хорооны саналаар хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 59 хувь нь дэмжлээ.