Өрийн удирдлагын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

2015 оны 1 сарын 29

Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.01.29/ нэгдсэн хуралдаан 09 цаг 45 минутад 51.3 хувийн ирцтэй эхэлснээр Улсын Их Хурлын дарга хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж батлав.

Хуралдааны эхэнд Өрийн удирдлагын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг нар танилцуулсан.

Монгол Улсын хувьд олон улсын түвшинд зээлжих зэрэглэл ахин арилжааны нөхцөлтэй зээл болон санхүүгийн бүх хэрэгслийг ашиглах боломжтой болсон ч өнөөдрийг хүртэл өрийн удирдлагын талаар нэгдсэн цогц бодлого, зохицуулалтгүй, хууль, эрх зүйн орчны хувьд зөвхөн буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн зохицуулалтаар хязгаарлагдаж байгаа нь Засгийн газрын зүгээс өрийн удирдлагын нэгдсэн бодлого, зохицуулалтыг хангасан бие даасан хууль гаргах шаардлагыг бүрдүүлж байгаа юм.

Засгийн газрын өр нь ирээдүйд татвар төлөгчдийн мөнгөөр төлөгдөх, төсөвт нэмэлт ачаалал үүсгэх эх үүсвэр тул Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хангахын зэрэгцээ, өрийн зохимжит түвшинг тогтоох, өрийн дарамт болон макро эдийн засгийн тогтвортой байдлыг алдагдуулалгүйгээр хэрэгцээтэй санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлдэг байх шаардлагатай. Гадаад өр үүсгэх замаар хөгжлийн бодлогыг дэмжихийн зэрэгцээ, дотоодын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын таатай нөхцлийг бий болгох, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, эдгээрийн зохимжит түвшин, харьцааг хадгалах замаар улс орноо хөгжүүлэх нь зүйтэй. Эдгээр шаардлагууд, түүнчлэн хуулийн төслийн үзэл баримтлалд тусгасан хууль зүйн үндэслэл, практик шаардлагад тулгуурлан Өрийн удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг боловсруулаад байна. Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг боловсруулахдаа Монгол Улсын макро эдийн засгийн суурь нөхцөл, тулгамдаж буй асуудлыг судлан тодорхойлж, татвар төлөгчдийн мөнгөөр эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр улсын төсөвт өр үүсгэж зээл авах, үнэт цаас гаргахтай холбогдуулан хууль, эрх зүйн нэгдсэн бодлого зохицуулалтыг бий болгох, Олон улсын Валютын сан, Дэлхийн банкнаас хуулийн төсөлд өгсөн санал болон мэргэжлийн судлаачдын зөвлөмж, бусад улс орны өрийн удирдлагад баримталдаг зарчим, хөгжлийн туршлага, хууль, эрх зүйн зохицуулалтыг харьцуулан судлах замаар өөрийн орны онцлогт тохирсон суурь зохицуулалтыг болгох зорилго тавьж ажилласан гэдгийг Сангийн сайд илтгэлдээ дурдав.

Хууль санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Р.Амаржаргал, Ц.Баярсайхан,Х.Хаянхярваа, Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Ц.Нямдорж, С.Ганбаатар, А.Бакей, Ө.Энхтүвшин, Ч.Улаан нар асуулт асууж хариулт авлаа. 

Улсын Их Хурлын гишүүн Р.Амаржаргал асуултдаа, хуулийн төслийн 13.1.3-т дотоод үнэт цаасны зах зээлийг дэмжих гэсэн нь үнэт цаас гаргахыг хөгжүүлэхэд нь санхүүжилт хийнэ гэсэн үг үү, эсвэл зах зээлийг дэмжих зорилгоор Засгийн газрын бондыг тогтмол гаргадаг тогтолцоо руу орно гэж ойлгох уу. Засгийн газрын бондын эргэн төлөгдөх хүүгийн төлбөрийн эх үүсвэртэй холбоотой асуудлууд байгаа. Чухам ямар эх үүсвэрээс энийг эргэж төлнө гэж байгаа вэ. Мөн төслийн 17.1-д өрийн хязгаарыг 70, 20 байлгана гэсэн заалт орж ирсэн. Энэ тоог яаж гаргасан юм бэ. Жишээ нь өрийн 70 хувь гэж үзвэл Засгийн газрын бонд хэдэн хувийг нь, бусад өрүүд нь хэдэн хувийг эзлэх юм гэдгийг тодруулсан.

Гишүүний асуултад Сангийн яамны ажлын хэсгээс өгсөн тайлбартаа, Засгийн газрын үнэт цаасны төрөл гаргах зориулалт дээр үнэт цаасны зах зээлийг дэмжих гэсэн зорилго байгаа. Энэ нь байнгын арилжаатай болгох зорилготой. Засгийн газрын үнэт цаас нь өөрөө бирж дээр арилжаалагддаг бусад төрлийн өрийн хэрэгслүүдийн суурь үнэт цаас болдог учраас Засгийн газрын бондын зах зээлийг хөгжүүлэх нь системийн ач холбогдолтой. Бондын эргэн төлөлт төсвийн орлогоор эргэж төлөгдөх ёстой. Төсөв дээр тусгаж байгаа учраас орлого зарлагын төлөвлөгөөнд тусгагдаад мөн үндсэн төлбөрүүд нь ч төсвийнхөө төлөвлөгөөнд тусгагдаад явна. Өрийн хязгаар дээр 70 хувиар Засгийн газрын өрийг хязгаарлах, Засгийн газрын баталгааг ДНБ-ны 20 хувьтай тэнцэх хэмжээгээр хязгаарлах заалт хуулийн төсөлд тусгагдсан. Энэ хязгаарууд нь олон улсын санхүүгийн байгууллагуудаас санал болгодог өрийн эрсдэлд орохгүй байх тэр хязгааруудтай нийцүүлсэн байдлаар хийж тусгагдсан санал байгаа гэв.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Баярсайхан, өрийн удирдлагын тухай хуультай болох нь зөв байх. Одоогийн байдлаар ч гэсэн Монгол Улсын гаднаас авсан өрийн асуудал тодорхойгүй. Ялангуяа дамжуулан зээлдүүлсэн зээлийг хэн эргэн төлөх нь тодорхойгүй гээд асуудлууд байгаа гэж ойлгодог. Энэ хуулиар эдгээр асуудлыг зохицуулж чадах уу. Ялангуяа орон нутгийн засаг захиргаа төсвийнхөө дутагдлыг нөхөх зорилгоор зээл гаргаж болно гэж оруулж ирлээ. Өмнө нь орон нутгийнхаа өмчийг үл хөдлөх хөрөнгөдөө үндэслээд тодорхой хэмжээнд өрийн бичиг, бонд гаргаж болох юм гэдэг хувилбарыг тодорхой хуулиудад тусгасан. Мөн орон нутагт концессийн эрх өгсөн байгаа. Тэгэхээр улсын хэмжээнд өрийн удирдлага нь тодорхойгүй байсан одоо орон нутагтаа дахиад ийм байдал давтагдах нь. Дээр нь 36.2-т зааснаар орон нутгийн болоод орон нутгийн өмчид давамгайлсан өмчит газрууд салбарынхаа сайдаар дамжуулаад өрийнхөө хүсэлтийг тавьдаг, засгийн газрын гишүүд нь бас өр үүсгэх процесст оролцоод явчихдаг болох юм бол нэгдсэн удирдлага, нэгдсэн бодлого хаана зангидагдах юм гэлээ.

Дамжуулан зээлийн хувьд тусгайлан зохицуулсан бүлэг бий. Хуулийн төсөлд орон нутагт юмуу эсвэл Засгийн газрын байгууллагуудаар дамжуулан зээл олгохоор тусгасан. Бизнесийн салбар руу өгч байгаа зээлийг арилжааны банкуудаар дамжуулан дамжуулан зээлийн хэлбэрээр олгохоор байгаа. Харин орон нутагт хоёр янзын зохицуулалт хийж өгсөн. Ингэснээр Улаанбаатар хотын хувьд хөрөнгө оруулалтын зориулалтаар бонд гаргаж болдог байхаар, бусад аймагт зөвхөн төсвийн богино хугацааны дутагдлаа нөхөх зорилготойгоор улирлын шинж чанартай богино хугацаатай зээл гаргахаар зохицуулсан. Богино хугацаатай зээлийн эргэн төлөгдөх эх үүсвэр нь төсвийн орлого байх юм. Энэ нь төсвийн алдагдлыг нөхөх бус зөвхөн богино хугацааны дутагдлыг нөхөх зориулалттай учраас төлөгдөөд явна. Засгийн газрын бондын хувьд хувийн хэвшлийн зээллэгийн эх үүсвэрийг шахан зайлуулах үзэгдэл гардаг. Улсын өрөн дээр тодорхой хязгаарлалт тавьж өгч байгаа. Мөн стратегийн хувьд Улсын Их Хурлаар батлуулж мөрдөж явна гэсэн тайлбарыг ажлын хэсгээс өгөв.

Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Монгол Улс зах зээлийн харилцаанд шилжсэнээс хойш 2012 оныг хүртэлх хугацаанд харьцангуй хөнгөлөлттэй, урт хугацаатай, хүү багатай зээл авдаг байсан. 2012 оноос хойш арилжааны, богино хугацаатай, өндөр хүүтэй нэлээд хүнд нөхцөлтэй зээл авдаг болсон. Иймээс энэ асуудлыг ярих цаг нь болсон. Өнөөдөр Монгол Улсын нийт гадаад өр 9,7 тэрбум ам.доллар, нэг хүнд ногдох зээлийн хэмжээ 6 сая төгрөг болсон. Дээрээс нь аж ахуйн нэгж байгууллага нь хоорондоо өртэй, ирэд нь тэтгэвэр, цалингийн зээл гээд бүхэлдээ өрийн сүлжээнд холбогдчихсон байгаа. Тиймээс энэ асуудлыг шийдэх хэрэгтэй. Улс маань эхлээд өөрөө өрийн удирдлагын тухай хуулиа боловсруулж баталж, өр зээлээ ямархуу байдалтай авах, зарцуулах, эргэж төлж байх асуудлаа шийдэх нь зөв. Урьд нь ямар хуулиар энэ асуудлыг зохицуулж байсан юм бэ. 1991 оноос өнөөдрийг хүртэл хөнгөлөлттэй, арилжааны зээл хэдийг авсан болон үүнээс дамжуулан зээлдүүлсэн зээлийн төлөлт ямар байна. Эдгээрээс эзэнгүй болсон зээл байна уу үгүй юу гэдэгт хариулт авахыг хүссэн юм.

Сангийн сайд Ж.Эрдэнэбат хариултдаа, өрийн авах болоод төлөх асуудлыг маш олон хуулиар өмнө нь зохицуулж байсан. Жишээ нь Гадаад зээл тусламжийг зохицуулах тухай, Төсвийн тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай, Валютын зохицуулалтын тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай гээд 10 гаруй хуулиар зохицуулдаг. Зарим хуулиар зээл авах эсэхийг нь зохицуулсан мөртөө эргээд хэрхэн төлөх, юунд зарцуулах асуудлыг зохицуулдаггүй. Иймээс үүнийг нэгтгэж нэг болгож зохицуулах зайлшгүй шаардлагын үүднээс хуулийн төслүүдийг өргөн барьсан гэлээ. Мөн Сангийн яамны ажлын хэсгээс өгсөн тайлбартаа, 1990 оноос хойш нийтдээ 2,8 орчим тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг Монгол Улс авч ашигласан. Үүнээс 1,3 тэрбум орчим ам.долларыг дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, орон нутагт дамжуулан зээлдүүлсэн байдаг. Дамжуулан зээлдүүлсэн зээлийн хувьд эрчим хүч, зам тээвэр, нийтийн аж ахуй, харилцаа, холбооны салбарт гол хувийг эзэлж байгаа. Үүнээс хамгийн хүндрэлтэй эргэн төлөгддөг хэсэг нь эрчим хүч, зам тээвэр, нийтийн аж ахуйн салбар. Энэ дээр Улсын Их Хурал болон Засгийн газраас хэд хэдэн удаа арга хэмжээ авсан. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд банкаар дамжуулан олгосон зээлүүд нэлээд сайн эргэж төлөгддөг. Төрийн өмчтэй аж ахуйн нэгж, компаниудад олгогдсон зээлийн эргэн төлөлт хугацаандаа хийгдэхгүй байгаа эсвэл чанаргүй болж төлөгдөхгүй байгаа зээлүүд тодорхой байгаа. Нарийн мэдээллүүдийг гишүүдэд гаргаж өгөх бололцоотой гэв.

Мөн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлж Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан,Ч.Хүрэлбаатар, Л.Цог, дэмжих боломжгүй гэсэн байр суурьнаас Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, О.Баасанхүү, Ё.Отгонбаяр нар үг хэллээ.

Өрийн удирдлагын тухай хуулийн төсөл болон түүнийг дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүд 73,8 хувийн саналаар дэмжив. Мөн Өрийн удирдлагын тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлэгдсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг чуулганы тухайн өдрийн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар шийдвэрлэх хуулийн заалттай. Иймээс уг хуульд нэмэлт , өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг нэгдсэн хуралдаанд оролцсон 61 гишүүний 43 нь буюу 70,5 хувийн саналаар дэмжлээ. Ингээд хууль, тогтоомжийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв. Чуулганы нэгдсэн хуралдаан "Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай" хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар үргэлжилж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16760
0 эможи
keyboard_arrow_up