Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох тухай асуудлыг зөвшилцөв
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2015.01.28/ хуралдаанаар Монгол Улсаас гадаадын зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлдээ, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалын үзэл санаа болон Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтын хүрээнд НҮБ-ын гишүүн, Монгол Улстай дипломат харилцаагүй улс орнуудтай дипломат харилцаа тогтоох ажлыг хэрэгжүүлэх санал гаргасны дагуу НҮБ-ын гишүүн, Монгол Улстай дипломат харилцаагүй 45 улсад 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн монголын талын сонирхлыг албан ёсоор Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан удаа дараа уламжилсан. Дипломат харилцаа тогтоох санал тавьсан 45 улсаас 24 улс нь манай улстай дипломат харилцаа тогтоосон. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос Засгийн газарт үүрэг болгосны дагуу эдгээр орнуудтай дипломат харилцаа тогтоох ажлыг үргэлжлүүлэн хийж байна гэдгийг онцлов.
Өнөөдрийн байдлаар манай дипломат харилцаа тогтоох саналыг 8 улс Бээжин дэх Элчин сайдын яам болон Нью-Йорк дахь Байнгын төлөөлөгчийн газраараа дамжуулан зөвшөөрч, Хамтарсан албан мэдээнд гарын үсэг зураад байгаа аж. Тухайлахад, Бүгд Найрамдах Уганда Улс, Бүгд Найрамдах Руанда Улс, Холбооны Микронез Улс, Бүгд Найрамдах Гаити Улс, Бүгд Найрамдах Кирибати Улс, Экваторын Гвиней Улс, Бүгд Найрамдах Чад Улс, Бүгд Найрамдах Маврики Улстай тус тус Хамтарсан албан мэдээнд гарын үсэг зуржээ.
Иймээс эдгээр 8 улстай дипломат харилцаа тогтоох тухай асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд энэхүү тогтоолын төслийг хэлэлцүүлэхээр оруулж байгааг Гадаад хэргийн сайд хэллээ.
Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Оюун асуулт асууж, УИХ-ын гишүүн Л.Болд үг хэлсэн юм. Ингээд дипломат харилцаа тогтоох тухай асуудлаар улс тус бүрээр санал хураалгахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд 71.4-92.9 хувийн саналаар эдгээр 8 улстай дипломат харилцаа тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг дэмжсэн юм.
Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай асуудлыг зөвшилцөв. Энэ тухай Ерөнхийлөгчийн саналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан танилцуулав.
Монгол Улсын Ерөнхийлөгч хууль тогтоомжид заасан бүрэн эрхийнхээ дагуу Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Жанабазар, Бүгд Найрамдах Сингапур Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О.Даваасамбуу, Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баяраа, Арабын Бүгд Найрамдах Египет Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Б.Одонжил, Австрали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Р.Болд, Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Ганбаатар, Тайландын Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ч.Баттөмөр нарыг тус тус эгүүлэн татах саналаа ирүүлжээ.
Элчин сайд нарыг эгүүлэн татаж буйтай холбогдуулан Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лодойдамбын Галбадрахыг, Бүгд Найрамдах Сингапур Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Төмөрийн Лхагвадоржийг, Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цэдэндамбын Батбаярыг, Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гончигийн Ганболдыг, Арабын Бүгд Найрамдах Египет Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Чулууны Баярмөнхийг, Австрали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Батлайн Чулуунхүүг, Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нэмэхийн Батааг, Тайландын Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Төмөрхүлгийн Төгсбилгүүнийг, мөн Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Сүхээгийн Сүхболд нарыг тус тус томилох саналыг зөвшилцөхөөр өргөн мэдүүлсэн байна.
Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүнээр томилох ажилтнуудыг сонгон авахдаа гадаад харилцааны салбарт олон жил идэвх санаачилга, үр бүтээлтэй ажиллаж байгаа мэргэшсэн, мэргэжлийн ур чадвар сайтай, удирдах ажлын дадлага туршлагыг нь харгалзсан бөгөөд томилуулахаар нэр дэвшиж буй албан хаагчид нь улс орноо хилийн чанадад төлөөлөн ажиллах өндөр хариуцлагатай, нэр хүндтэй албыг хаших бүрэн боломжтой гэж үзэж байгаагаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга хэлж байлаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Цог, Л.Болд, С.Оюун, Р.Амаржаргал, Н.Энхболд нар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Гадаад хэргийн сайд болон Элчин сайдад нэр дэвшигчдээс асуулт асууж тодруулан УИХ-ын гишүүн С.Оюун, Л.Болд, Л.Цог, Г.Баярсайхан, Р.Амаржаргал, Сү.Батболд нар үг хэлсэн юм. Ингээд Элчин сайдад нэр дэвшигч нэг бүрээр санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд 84.6-100 хувийн саналаар нэр дэвшигчдийг дэмжив.
Хуралдааны төгсгөлд байнгын хорооны өмнөх хуралдаан дээр гишүүдийн гаргасан саналын дагуу яамдын бүтцийн өөрчлөлттэй холбогдуулан Батлан хамгаалахын болон Гадаад хэргийн сайд нарын мэдээллийг сонслоо.