“Эрдэнэс Таван толгой” ХК-д хийсэн шалгалтын талаарх мэдээллийг сонслоо
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2015.01.28/ хуралдаан 09 цаг 50 минутад 52.6 хувийн ирцтэй эхлэв. Хуралдаанаар эхлээд Зөвшөөрлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн ч хуралдаанд оролцсон гишүүдийн саналаар хуулийн төслийг хэлэлцэх бэлтгэл хангагдаагүй учир хэлэлцэх боломжгүй хэмээн үзэж хэлэлцүүлгийг түр хойшлуулахаар тогтсон.
Дээрх хуулийн төслийг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэх явцад хуралдаанд оролцсон гишүүд, төслийг аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрөл олгох асуудлыг хялбаршуулж, бизнесийн таатай орчин бүрдүүлэхээр боловсруулагдсан ч аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг сахиулахтай холбоотой зохицуулалтуудыг хольж тусгасан нь хэлэлцэх боломжгүй байдал үүсгэсэн тухай санал дүгнэлтийг тус байнгын хороонд хүргүүлээд байсан юм.
Үүний дараа Монгол банк 2014.12.24-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Эрдэнэсийн сангийн орлого, зарлагын 2015 оны төсвийн тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхээр хуралдааныг хаалттай горимд шилжүүлсэн юм.
Хаалттай хэлэлцсэн асуудлын дараа байнгын хорооны хурал үргэлжилж “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнгийн тухай тус байнгын хорооноос томилогдсон ажлын хэсгийн танилцуулгыг сонсов. Тус ажлын хэсгийн ахлагч Д.Хаянхярваа гишүүн шалгалтын үр дүнгийн талаар уншиж сонсгосон. Тэрээр шалгалтын дүнг дараахь байдлаар танилцуулсан юм.
Стратегийн чухал ач холбогдол бүхий орд газарт түшиглэн төрийн өмчийн оролцоот ХК байгуулж, үйл ажиллагааг нь үр ашигтай удирдан зохион байгуулах, түүний өгөөжөөс ард иргэдэд хишиг хувь хүртээх чиглэлээр батлагдсан Улсын Их Хурлын 2010 оны 39, 2012 оны 18 дугаар тогтоолын хэрэгжилтийг Монгол Улсын Засгийн газар өнөөдрийг хүртэл бүрэн хангаж ажиллаагүй байна. Тухайлбал:
1. Монгол улсын “Компанийн тухай хууль”-иар компанийг байгуулахад үүсгэн байгуулагч, эрх бүхий этгээдүүдийн зүгээс зайлшгүй шийдвэрлэсэн байх ёстой асуудлууд, гаргах шийдвэрүүдийн талаар нарийвчлан заасан байдаг боловч эдгээр асуудлуудтай холбоотой хуулийн заалтуудыг хэрэгжүүлэлгүй орхигдуулж компанийг байгуулахдаа зөвхөн улсын бүртгэлд бүртгүүлж, дүрмийг батлах ажлаар дуусгавар болгосон байна. Өөрөөр хэлбэл компанийг анхлан байгуулахад хувь эзэмшигчдийн эзэмшлийг баталгаажуулахад хамгийн чухал асуудлын нэг болох хувь нийлүүлсэн хөрөнгийг бүрдүүлэх, түүнийг компанийн тайлан балансад бүртгэж баталгаажуулах ажлыг хэрэгжүүлээгүй байна.
2. Хувь нийлүүлэгчдийн хөрөнгийг бүрдүүлэх, түүнийг санхүүгийн тайлан балансад бүртгэх ажил өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй байгаагаас үүдэн төр, иргэдийн хувьцааны эзэмшил компанийн тайлан балансад бүртгэгдээгүй байна.
3. Засгийн газрын 2013 оны 409 дүгээр тогтоолоор компанийн хувьцаа эзэмших иргэдийн бүртгэлтэй холбоотой алдаа, зөрүүг арилгаж, иргэдийн хувьцааны эзэмшлийн бүртгэлийг 2014 оны 1 дүгээр улиралд багтаан дуусгах үүрэг даалгавар өгөгджээ. Гэвч Засгийн газрын зүгээс тогтоолын хэрэгжилтийг хангуулах талаар огт санаачлага гаргаагүй хандаж ирснээс хувьцаа эзэмшигчдийн бүртгэл өнөөдрийг хүртэл бүрэн хийгдэж дуусаагүй байна. Энэ нөхцөл байдал үүсэхэд дараах хүчин зүйл сөрөг нөлөө үзүүлжээ. Үүнд:
-Таван толгойн ордын тусгай зөвшөөрлийг үнэлж компанийн тайлан балансад тусгах ажил хийгдээгүй;
-Аж ахуйн нэгж байгууллагуудын зүгээс тус компанийн хувьцааг худалдан авсан мөнгөн хөрөнгийг компанийн дансанд шилжүүлэлгүй “Хүний хөгжил сан”-д шилжүүлсэн нь хувьцааны бүртгэлийг нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомжид нийцүүлэх боломжгүй болгосон;
-Иргэдийн хувьцааг эргүүлэн худалдан авах Засгийн газрын зүгээс гаргасан шийдвэрийн дагуу хүсэлт гаргасан боловч мөнгөн хэлбэрээр хишиг хувь хүртэж чадаагүй иргэдийн хувьцааны бүртгэлийг хэрхэх талаархи эцсийн шийдвэрийг гаргаагүй орхигдуулсан зэрэг болно.
“Эрдэнэс Таван толгой” ХК-д хийсэн шалгалтын ажлын явцад хууль тогтоомжийн хүрээнд нийцүүлэн ажиллах тал дээр дараах зөрчил дутагдлууд илэрлээ. Үүнд:
Хууль тогтоомжийн хүрээнд:
-“Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн ТУЗ нь “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль”-ийн 21 дүгээр зүйлийн 21.12-т “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилогдсон төрийн албан хаагч эрх бүхий байгууллагаас тогтоосон цалин хөлснөөс бусад төрлийн шан харамж, урамшуулал авахыг хориглоно”, Засгийн газрын 2013 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 16 дугаар хуралдааны тэмдэглэлийн 2.1.1-д “Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон төрийн захиргааны албан хаагчийн нэг сарын цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ (нэг сарын)-г хоёр дахин нэмэгдүүлснээс ихгүй байхаар тогтоох”-ыг Төрийн өмчийн хороонд чиглэл болгосон хууль тогтоомжийн заалтыг тус тус зөрчин ТУЗ-ийн дарга 6.0 сая төгрөгийн, гишүүд нь 1.8 сая төгрөгийн цалин, урамшуулал авч иржээ. Улмаар зөвхөн 2014 оны хагас жилийн байдлаар ТУЗ-ын гишүүдийн цалин, шагнал урамшуулал, бусад зардалд 170,8 сая төгрөг, томилолтын зардал 25.8 сая төгрөг, бичиг хэрэгт 346.9 мянган төгрөг, бусад зардалд 3.0 сая төгрөг нийт 199.9 сая төгрөгийн зарцуулсан байна.
Түүнчлэн ТУЗ-ын дарга, гишүүнээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга болон хууль эрх зүйн газрын дарга нар Засгийн газрын шийдвэрээ зөрчин ажиллаж байна.
Эрдэнэс Таван Толгой ХК-ийн үйл ажиллагааны хүрээнд:
-Эрдэнэс-Таван толгой” ХК-наас зарласан “Гаалийн хяналтын бүс, агуулахын үйлчилгээ үзүүлэх” гүйцэтгэгчийг шалгаруулах 2014 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн тендерийг хүчингүй болгож, гэрээг цуцалсантай холбоотойгоор “Говь Повер” ХХК-ийн өмчлөлийн гаалийн хяналтын бүсийн талбай, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл болон бусад хөрөнгийг “Эрдэнэс- Тавантолгой” ХК-д шилжүүлж төлбөрт нь 4,7 тэрбум төгрөгийн төлбөрийг төлж барагдуулсан үйлдэл нь тухайн компанийн хөрөнгө санхүүгийн бодит байдалтай нийцэж, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжсэн эсэх нь эргэлзээтэй байна.
-“Эрдэнэс-Таван Толгой” ХК болон “TTJVCO” ХХК-ийн /Австралийн “Мак Махон холдинг”-ийн охин компани/ хооронд 2011 оны 10 сарын 13-ны өдөр 5 жилийн хугацаатай байгуулсан “Хамтын ажиллагааны гэрээ”-гээр гүйцэтгэгч талын хүлээсэн үүргийн үндсэн тоног төхөөрөмжийн санхүүжилтийн биелэлт 18%, техникийн бэлэн байдал 30-60%, ажилчдын сургалт дадлагажуулалт 27%, үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлт 60%, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны үзүүлэлт хангалтгүй, 1 м3 уулын цулын ажлын өртөг нь Цанхийн баруун уурхайн өртөгөөс дунджаар 2 дахин илүү буюу 2014 онд ойролцоогоор 100.0 орчим тэрбум төгрөгийн боломжит алдагдал хүлээх нөхцөл үүссэн зэрэг нь Австралийн “Мак Махон холдинг” компанитай байгуулсан гэрээг хянан шалгах шаардлагатай байна.
-“Чалко” компанитай нэмэлт гэрээ хийсний үр дүнд 2014 оны 3-р улиралд индексийн дагуу тогтох үнэ 45.49 доллар болохоор байгаа бөгөөд энэ нь өнөөдрийн Цанхийн баруун уурхайгаас нийлүүлж буй нүүрсний үнээс дунджаар 10 орчим доллараар доогуур байна. Улмаар цаашид Хятадын зах зээлд нийлүүлэх “Чалко” компанийн нүүрс (Тавантолгойгоос авах нүүрс)-ний үнийн уналт нь зах зээлд үнэ унагах үр дагаварыг үүсгэх нөхцлийг бүрдүүлэх боломжтой гэсэн дүгнэлтийг хийхэд хүргэж байна.
Ажлын хэсгээс гаргасан танилцуулгатай холбогдуулан Ц.Нямдорж, С.Бямбацогт, Ө.Энхтүвшин, А.Тлейхан, Д.Ганбат, Ц.Баярсайхан нарын гишүүд “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн удирдлагууд болон ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж, тодруулсан.
Гишүүдийн асуултын дараа Ц.Нямдорж гишүүн, энэ удаагийн шалгалтын үр дүнг зөвхөн сонсоод дуусгах биш Засгийн газарт чиглэл болгосон тогтоол гаргах нь зүйтэй гээд байнгын хорооны даргаас санал хурааж асуудлыг шийдэж өгөхийг хүссэн юм. Түүний саналын талаар тус байнгын хорооны дарга Ж.Батсуурь хэлэхдээ, шалгалтын үр дүнтэй холбогдуулан гишүүдийн тогтоол гаргах саналыг дэмжиж байна. Тиймээс гишүүд тогтоолын төсөлд оруулах саналаа ажлын хэсгийн ахлагчид гаргаад дараагийн хуралдаанаар хэлэлцээд шийдвэрлэх боломжтой тухай хэлснээр энэ удаагийн хуралдааныг өндөрлүүлсэн юм.
Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн Чөлөөт бүсийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүдийн хувьд Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо хэлэлцэж санал, дүгнэлт гаргаагүй байгаа тул дараагийн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийхээр хойшлуулсан юм.