Байнгын хорооны дарга Ж.Батсуурь Эрчим хүчний яамны үйл ажиллагаатай танилцлаа
Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь өнөөдөр /2015.01.27/ Эрчим хүчний яамны үйл ажиллагаатай танилцлаа.
Уулзалтын эхэнд Эрчим хүчний дэд сайд Ө.Пүрэвбаатар салбарынхаа нөхцөл байдал, хэтийн төлөвийн талаар мэдээлэл хийж, томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг талаар танилцуулсан юм. Улсын хэмжээнд 2014-2015 оны өвөлжилтийн бэлтгэл бүрэн хангагдсан байгаа бөгөөд нийт цахилгаан станцуудын үндсэн тоноглол 100 хувь ажиллаж байгаа аж. Бүтээн байгуулалт, аж үйлдвэрийг хөгжүүлэх бодлогын хүрээнд цаашид эрчим хүчний эрэлт, хэрэгцээ тогтмол өсч байгааг төрийн бодлогын түвшинд хэлэлцэж, техник, технологийн шинэчлэл хийх дорвитой хөрөнгө оруулалт хийх, эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлага тулгараад байгааг танилцуулсан юм.
Эрчим хүчний салбарт хэд хэдэн томоохон төсөл хэрэгжиж байгаа бөгөөд эхнээсээ нэлээд үр дүнтэй байгаа талаар дуулгав.
Эрчим хүчний сайд Д.Зоригт Эдийн засгийн байнгын хорооны даргад хандан, “Эрчим хүчний салбарын найдвартай, аюулгүй ажиллагаа нэн чухал хэдий ч өнөөдрийн байдлаар ихэнх тоног төхөөрөмж насжилт өндөр байгаа. Тиймээс техник, тоног төхөөрөмжийг ойрын хугацаанд шинэчлэх шаардлага бий. Түүнчлэн жилд 8-10 хувиар өсч байгаа эрчим хүч, дулааны хэрэглээг хангах эх үүсвэрийг нэмэгдүүлэх, энэ салбарын алдагдлыг бууруулах чиглэлээр нэн яаралтай арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай бий. Эдийн засгийн байнгын хороо эрчим хүчний салбарын үйл ажиллагааг дэмжиж ажиллана хэмээн найдаж байна” гэлээ.
Эрчим хүчний яамны танилцуулга, мэдээллийн дараа Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь эрчим хүчний салбарын тулгамдаад буй асуудлуудад ач холбогдол өгч, анхаарч ажиллана гэлээ. Мөн тэрээр бүтээн байгуулалт ид өрнөж, үйлдвэржилтийн талаар бодлогын түвшинд яригдаж буй энэ цагт эрчим хүчний салбарын тогтвортой үйл ажиллагаа нэн чухал. Нөгөөтэйгүүр, салбарын үйлдвэрлэл алдагдалтай байгааг үнэ нэмэх замаар шийдвэрлэх нь буруу. Энэ салбарын бодлого боловсруулагчид, олон жил ажилласан дадлага туршлагатай мэргэжилтнүүд нь орчин үеийн шинэ шийдэл, арга замыг эрэлхийлж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх шаардлага байгааг онцлон хэллээ.