Тусгай зөвшөөрлийн тоог цөөлнө
Хууль зүйн байнгын хороогоор Зөвшөөрлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Зөвшөөрлийн тухай хуулиар бизнес, эдийн засагтай холбоотой асуудлаа зохицуулж, аюулгүй байдлыг хангасан зөвшөөрлийг оруулж болохгүй. Шашин төрийн хоорондын харилцаа бизнес биш. Уг харилцаа өөрөө үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал. Иймд аюулгүй байдал болон хэв журамтай холбоотой зөвшөөрлийг бизнесийг дэмжих гэж байгаа зөвшөөрлийн хуулийн төсөлтэй хольж болохгүй гэдгийг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хэллээ. Харин УИХ-ын дарга З.Энхболд бизнесийн зөвшөөрлийг аюулгүй байдлын зөвшөөрөлтэй хольж болохгүй. Тухайлбал, тэсэрч дэлбэрэх хэрэгсэл аюулгүй байдалтай холбоотой гэв.
Засгийн газрын оруулж ирсэнээр Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн зөвшөөрөл, лицензийн тоог эрс цөөлж, зөвшөөрөл, лиценз авдаг, олон шат дамжлагыг энгийн хэлбэрт оруулах асуудал тусгагдсан байгаа юм. Үүний дагуу аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн өнөөгийн эрх зүйн орчин, зөвшөөрөл олгож байгаа эрх бүхий байгууллагуудын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх шаардлагатай болсон. Ингэснээр шаардлагагүй зөвшөөрлүүдийг хүчингүй болгох үүднээс Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг Засгийн газраас боловсруулсан юм.
Хуулийн төсөлд тусгаснаар аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхол, хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд хохирол учруулж болзошгүй, орчиндоо аюултай аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, хязгаарлагдмал нөөц бүхий нийтийн өмч, эрхийг эзэмших ашиглахад зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, цуцлах, зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулж өгөөд байгаа юм.