2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа
УИХ-ын чуулганы /2015.01.23.Баасан гараг/ үдээс хойших нэгдсэн хуралдаан 20 цаг 35 минутаас үргэлжлүүлэн хуралдаж, Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гурав, дөрөв дэх хэлэлцүүлгийг хийлээ.
Энэ талаарх Төсвийн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Д.Ганхуяг хийсэн юм. Тэрээр танилцуулгадаа, Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 6 их наяд 632 тэрбум 600 сая төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 27.6 хувь, нэгдсэн төсвийн нийт зардал 7 их наяд 837 тэрбум 400 сая төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 32.7 хувь болохоор байна. Нэгдсэн төсвийн нийт алдагдал 1 их наяд 204 тэрбум 800 сая төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 5 хувьтай тэнцэхээр байна гэдгийг дурдав.
Төсвийн тодотголоор Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого талд авто бензин, дизелийн түлшний онцгой албан татварыг 228 тэрбум, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлогыг 60 тэрбум, өмч хувьчлалын орлогыг 17.9 тэрбум, хувь хүний орлогын албан татварын орлогыг 7.3 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдүүлжээ. Түүнчлэн улсын төсвийн урсгал зардалд “Алдарт эх”-ийн одонтой эхэд олгох тэтгэмжийг одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн дагуу бүх одонтой эхчүүдэд олгохоор тооцон 19.4 тэрбум төгрөг, Нийгмийн халамжийн сангаас олгох жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхийн тэтгэмжийг Нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авдаг эсэхээс үл хамааран бүх эхчүүдэд олгохтой холбогдуулан орон нутгийн нийгмийн халамжийн сангийн зардалд 9.1 тэрбум, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийг нэмэгдүүлж байгаатай холбоотойгоор Нийгмийн даатгалын санд улсаас олгох татаасыг 13 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдүүлж тооцжээ. Улсын төсвийн урсгал зардлыг улс төрийн албан тушаалтнуудын бичиг хэрэг, тээвэр шатахуун, шуудан холбоо, ном хэвлэл, гадаад, дотоод албан томилолт, тойрогт ажиллах, зочин төлөөлөгч хүлээн авах, мэдээлэл сурталчилгааны болон мөрийн хөтөлбөрт туссан арга хэмжээний зардлыг 5 хувиар буюу 467.2 сая төгрөгөөр бууруулж тооцсон байна. Түүнчлэн хөрөнгө оруулалтын зардалд 35,473.1 сая төгрөгийн төсөл, арга хэмжээг нэмж, 68,161.5 сая төгрөгийн төсөл, арга хэмжээг төслөөс хассан байна.
Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт гараагүй тул төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийг дуусгалаа.
Үүний дараа Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг эхэлж, УИХ-ын дарга З.Энхболд хуулиудын төслийн зүйл, заалт нэг бүрийг уншиж танилцуулан санал хураалгав.
Ингээд Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь батлахыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 45 гишүүний 41 нь буюу 91.1 хувь нь дэмжлээ. Мөн Хүний хөгжил сангийн 2015 төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хуралдаанд оролцсон гишүүдийн 91.1 хувийн, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг гишүүдийн 84.4 хувийн саналаар баталлаа.
Дараа нь Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсов.
Тогтоолын төсөлд улсын төсвийн хөрөнгө оруулалтад тусгагдан бүрэн хэрэгжиж дууссан боловч гэрээний үлдэгдэл санхүүжилтээ аваагүй төсөл, арга хэмжээнүүд болон бодит гүйцэтгэл нь 80-аас дээш хувьтай хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээнүүдийг вексель гарган санхүүжүүлэх, тендер шалгаруулалт зарлагдаагүй, хэрэгжиж эхлээгүй төсөл, арга хэмжээг дахин хянасны үндсэн дээр зориулалтын дагуу үргэлжлүүлэх, дуудлага худалдаанд оруулах эсэхийг шийдвэрлэх, улс төрийн албан тушаалтны урсгал зардлын норм, норматив тогтоосон тогтоол, шийдвэрүүдийг хянан үзэхийг Засгийн газарт даалгахаар тусгасан байна.
Төсвийн байнгын хороо уг тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 82.6 хувь нь дэмжсэн бөгөөд тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад гишүүдийн 87 хувь нь дэмжлээ.
Хуралдааны эцэст “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг сонсов. Тус байнгын хороо энэ сарын 21-ний өдөр хуралдаж, уг тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, төслийн анхны хэлэлцүүлгийн явцад санал хурааж шийдвэрлэсний дагуу тогтоолын төслийн 1 дэх заалтын Цайдамнуурын хүрэн нүүрсний ордтой холбоотой дэд заалт болон мөн ордтой холбоотой 3 дахь заалтыг төслөөс хасах өөрчлөлтүүдийг тогтоолын төсөлд тусгажээ.
Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт гараагүй тул тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 86.7 хувь нь дэмжсэнээр чуулганы энэ өдрийн нэгдсэн хуралдаан 21 цаг 45 минутад өндөрлөв.
Хуралдааны төгсгөлд УИХ-ын дарга З.Энхболд Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголыг хэлэлцэж батлахад санаачлагатай оролцсон эрхэм гишүүд, ажлын хэсгийнхэн болон Сангийн яамны хамт олонд талархал илэрхийллээ.