Төсвийн тодотголыг дагалдах хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2015.01.23.Баасан гараг/ үдээс хойших нэгдсэн хуралдаан 17 цаг 20 минутаас үргэлжлүүлэн хуралдаж, Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Статистикийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ талаарх Төсвийн байнгын санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Ганхуяг танилцуулсан юм.
Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хурааж шийдвэрлэсний зэрэгцээ зарчмын зөрүүтэй санал гараагүй хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлах санал гаргажээ. Мөн УИХ дахь АН-ын болон МАН-ын бүлгийн дарга нар хуулийн төслүүдтэй холбогдуулан бүлгээс гаргасан саналуудаа татан авч буй тухайгаа мэдэгдсэн байна.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Ж.Батзандан нар асуулт асууж тодруулсны дараа байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулав. Тус байнгын хороо Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Статистикийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Инновацийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлах зарчмын зөрүүтэй санал гаргасныг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив.
Харин зарим хуулийн төслийн талаар байнгын хорооноос зарчмын зөрүүтэй зарим санал гаргасныг санал хурааж шийдвэрлэв. Тухайлахад, Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд төрийн албан хаагчдыг тэтгэвэрт гарахад нь үндсэн цалингийн дундаж, төрийн албанд ажилласан жилийг нь харгалзан нэг удаагийн буцалтгүй тэтгэмж олгохоор тусгах саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 82.7 хувь нь дэмжлээ. Мөн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Агаарын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Орон сууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг бусад хуулийн төслүүдийн үндсэн үзэл баримтлалыг хөндөхгүйгээр төслийн зарим зүйл, заалтыг өөрчлөн найруулах санал гаргасныг хэлэлцэж дэмжив. Түүнчлэн Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг төсөл санаачлагчид нь буцаах тухай УИХ-ын тогтоолын төслийг дэмжиж, тогтоолын төслийг батлагдсанд тооцохоор болов.
Ингээд анхны хэлэлцүүлгээр батлагдсанаас бусад хууль тогтоомжийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Дараа нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хурааж шийдвэрлэв. Эдгээр хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлснээр чуулганы нэгдсэн хуралдаан түр завсарлалаа.
Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааныг цаг сунган хуралдуулж Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гурав, дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж, эцэслэн батлахаар болсныг УИХ-ын дарга мэдэгдлээ.
Одоо Төсвийн байнгын хороо хуралдаж зарим хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх юм.