Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг Байнгын хороо дэмжсэнгүй

2015 оны 1 сарын 23

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2015.01.23/ хуралдаан 10 цаг 20 минутад 13 гишүүн хүрэлцэн ирснээр 68.4 хувийн ирцтэй эхлэв.

Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын тухай, Төрийн албаны тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай болон Авлигын эсрэг хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүийн анхны хэлэлцүүлгийг хийхээр тогтов.

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар нэр бүхий гишүүдээс гаргасан дэд сайдын орон тоо, холбогдох зардлыг хасах тухай санал дэмжигдсэнтэй холбогдуулан хууль хоорондын зөрчлийг арилгах үүднээс эдгээр хууль тогтоомжид өөрчлөлт оруулах төслүүдийг боловсруулсан талаар Байнгын хорооны дарга А.Бакей гишүүдэд танилцуулсан юм.

Хэлэлцэхээр төлөвлөсөн хууль тогтоомжийн төслүүдтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Цог, Р.Гончигдорж, Ч.Сайханбилэг нар асуулт асууж тодруулан УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, С.Дэмбэрэл, Н.Алтанхуяг, Л.Цог нар саналаа хэллээ. Мөн УИХ-ын гишүүн С.Ганбаатар байнгын хорооны хуралдаанд оролцож, гаргасан саналынхаа үндэслэлийг гишүүдэд тайлбарласан юм.

Ингээд УИХ-ын гишүүн Р.Гончигдорж Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн “Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 181 дүгээр зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцох” тухай гэсэн 2 дугаар зүйлийг дэмжих боломжгүй гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь дэмжлээ. Мөн тэрээр уг хуулийн төслийг дагалдуулж өргөн барьсан Төрийн албаны тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай болон Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай“ УИХ-ын тогтоолын хавсралтад өөрчлөлтт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэх шаардлагагүй гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь дэмжиж, энэ тухай Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр боллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16383
0 эможи
keyboard_arrow_up