Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг дахин хийв
Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны /2015.01.22. Пүрэв гараг/ дундуур Төсвийн байнгын хороо хуралдаж 2015 оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийв. Учир нь өнөөдрийн үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаанаар байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураах явцад Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр байнгын хороод дээр гарсан саналууд хасагдсан байгааг хэлж, хэрхэн хасагдсан болохыг тодруулахад Улсын Их Хурлын дарга З.Энхболд, орлого, зарлага нэмээгүй цэвэр тохируулгын чанартай саналуудыг төсвийн балансад тусгах нь зүйтэй байна. Одоо энэ хэлэлцүүлгийг хийж дуусвал дахиж санал орж ирэх боломжгүй болох учир Төсвийн байнгын хороо хоёрдугаар хэлэлцүүлгээ дахин үргэлжүүлж тойргийн биш, хөрөнгө оруулалтыг нэмэх бус саналууд бусад байнгын хороод дээр үлдсэн эсэхийг тодруулан, зарим саналыг төсөвт тусгаж оруулж ирэх шаардлагатай болж байгааг дуулгасан.
Үүний дагуу байнгын хороо дахин хуралдаж Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос дэмжсэн “зэвсэгт хүчний хөгжлийн сан орлого, зарлага дээр тус бүр 5 тэрбум төгрөг нэмж тусгах”, З.Баянсэлэнгэ гишүүний гаргасан “Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн тоног төхөөрөмж" гэснийг "газар чөлөөлөлт, гүйцэтгэлийн үлдэгдэл” гэж нэрийг өөрчилж тусгах зэрэг тохируулгын чанартай саналуудаар санал хурааж хэлэлцүүлгийг эцэслэлээ.
Түүнчлэн хуралдааны үеэр Улсын Их Хурлын дарга бас нэгэн залруулга шаардлагатай байгаа тухай хэлээд, төсвийн тодотголд Хөгжлийн банкаар хийгдэх ажлыг төсөв дотор оруулан тусгаж байж төсөв баланслах учиртай. Харин байнгын хороо төсөв батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын хавсралтад энэхүү ажлыг тусгасан байгаа нь цаашид зөрчилдөх учраас залруулан хавсралтыг шилжүүлэх нь зүйтэй байна гэв. Энэ дагуу мөн санал хурааж шийдвэрлэсэн бөгөөд дээрх өөрчлөлттэй холбоотой бусад хууль, тогтоолд орох өөрчлөлтүүдийг гишүүдийн дэмжсэнээр тодотголд тусгалаа.