Байнгын хороо 2015 оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

2015 оны 1 сарын 22

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2015.01.22/ хуралдаан 08 цаг 55 минутад 57.9 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлын дарааллыг баталснаар хуралдаан үргэлжлэв. Энэ удаагийн хуралдаанаар 2015 оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлэг, төсөв тодотгохтой холбогдуулан зарим хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон тодотгол батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн талаар хэлэлцэхээр тогтсон юм.

Хуралдаанаар эхлээд Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслүүдийг байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий Төсвийн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийн санал, дүгнэлтийг тус ажлын хэсгийг ахалж ажилласан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг хуралдаанд оролцсон гишүүдэд танилцуулсан юм.

Ажлын хэсгээс Засгийн газрын өргөн мэдүүлсэн 2015 оны төсвийн төслийг нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлогыг 358.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 6.612.5 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн зарлага ба цэвэр зээлийн дүнг 402.1 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 7.815.3 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт алдагдал 1,202.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 5 хувьтай, улсын өрийн нийт хэмжээг ДНБ-ийн 58.3 хувьтай тэнцүү байхаар тооцож, төсвийн төслийг өөрчлөн боловсруулжээ.

Мөн тэрээр, ажлын хэсгээс бүх байнгын хороод, Улсын Их Хурал дахь Нам, эвслийн бүлэг, төсвийн төсөлд ирүүлсэн санал, дүгнэлт, зарчмын зөрүүтэй саналын томьёолол, Төрийн болон төрийн бус байгууллагаас Төсвийн байнгын хороо, ажлын хэсэгт ирүүлсэн санал, хүсэлтийг судалж, зарим шаардлагатай хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг төсөлд тусгасан тухай танилцуулсан.

Танилцуулгатай холбогдуулан асуулт асуух гишүүд төдийлөн гараагүй ч ажлын хэсгээс гаргасан болон гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй 100 гаруй саналыг санал тус бүрээр санал хураан шийдвэрлэх явцад зарим асуудлыг тухай бүрт тодруулж байсан. Мөн гишүүд байнгын хорооноос гаргасан саналуудыг тусгасан эсэх, алдагдлын хэмжээг хуульд нийцүүлж тооцоолсон эсэх асуудлаар тодруулсан юм.

Ийнхүү зарчмын зөрүүтэй саналаар санал хурааж дууссаны дараа хурал даргалагчийн зүгээс нийт дэмжигдсэн болон дэмжигдээгүй саналын талаар дүгнэлт гарган 2015 оны төсвийн тодотголыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хоер дахь хэлэлцүүлэгт оруулахаар шилжүүлж байна гээд нэгдсэн хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг байнгын хорооны дараагийн хэлэлцүүлгээр чамбайруулан хэлэлцэх боломжтой талаар мэдэгдсэн.

Дараа нь Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж ажлын хэсгээс гаргасан анхны хэлэлцүүлгээр нь батлах тухай саналыг гишүүдийн олонх дэмжсэн.

Харин төсвийн тодотгол батлагдсантай холбогдуулан бодлогын түвшинд авах арга хэмжээний талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг гишүүд, зарим бодлогын шинжтэй чиглэлүүдийг дахин боловсруулах шаардлагатай байна гээд хэлэлцэхийг хойшлуулсан юм.

Үүний дараа Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч хэлэлцүүлгийн эхэнд Ч.Улаан гишүүн горимын санал гаргаж, санал дэмжигдсэнээр уг асуудлыг төсвийн тодотгол батлагдсаны дараа хэлэлцэхээр түр хойшлуулсан юм. Ч.Улаан гишүүн горимын саналдаа, Төсвийн тодотгол батлагдаагүй байна. Тиймээс тодотголоо баталсны дараа дагалдаж өөрчлөлт орох хуулиудаа хэлэлцэх нь зүйтэй юм гэв.

Түүний горимын саналаар санал хураахаас өмнө Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар гишүүдэд тайлбар хийсэн юм. Тэрээр, хуулийн өөрчлөлтийг даган нэмэлт, өөрчлөлт орж буй хуулиудыг хамтад нь хэлэлцээд явах нь хуулийн зөрчил үүсэхээс сэргийлэх ач холбогдолтой байдаг. Хэрвээ төсвийн тодотголтой холбогдуулан нэмэлт, өөрчлөлт орох эдгээр хуулиуд батлагдаж чадахгүй бол хууль хоорондын зөрчил үүснэ. Үүнийг гишүүд анхаарна уу хэмээсэн.

Хуралдааны төгсгөлд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Мөн Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2015 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг буцаах тухай горимын саналыг гишүүд дэмжлээ .

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16309
0 эможи
keyboard_arrow_up