Хэрэглэгчдэд хандсан найман чиглэлээр зөвлөмж гаргана
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Эрүүл мэндийн яамнаас хамтран “Хүнсний аюулгүй байдлын хүрээнд: Пестицидын зохистой хэрэглээ, түүний тулгамдсан асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг өчигдөр Төрийн ордонд зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан нээж үг хэлсэн бөгөөд тус хэлэлцүүлэгт Байнгын хорооны гишүүд болон Байгаль орчин ногоон хөгжлийн яам, Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Эрүүл мэндийн яамны мэргэжилтэн, албаны хүмүүс оролцов.
Хэлэлцүүлгийн явцад “Пестицидын талаарх эрх зүйн орчин, хэрэглээ, хангамж, шийдвэрлэх арга зам” сэдвээр ҮХААЯ-ны ГТБХЗГ-ын ахлах мэргэжилтэн Г.Эрдэнэцэцэг, “Ургамал, ургамлын гаралтай түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдалд тавих хяналт” сэдвээр МХЕГ-ын УХЦХ-ын улсын ахлах байцаагч Ц.Итгэл, “Пестицидын туршилт, судалгааны үр дүн, зохистой хэрэглээ” сэдвээр УХЭШХ-ийн орлогч захирал М.Отгонсүрэн, “Ипмортын хүнсний бүтээгдэхүүн дэх пестицидын үлдэгдэлд хийсэн эрсдлийн үнэлгээ” сэдвээр НЭМХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Энхтунгалаг, “Төмс, хүнсний ногооны хангамж, түүний тулгамдсан асуудал” сэдвээр Монголын хөдөөг хөгжүүлэхийн төлөө фермерүүдийн холбооны гүйцэтгэх захирал Т.Төрмандах нар тус тус илтгэл тавьж, оролцогсдын дунд асуулт хариулт өрнүүлэн, санал бодлоо солилцлоо.
Манай улс газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлж, ургацыг нэмэгдүүлэн, чанарыг сайжруулах, хорогдлыг багасгах зорилгоор нийт 33 нэр төрлийн пестицидыг үйлдвэрлэлд ямар нэгэн хэмжээгээр ашиглаж байгаа. Пестицидыг зөв зохистой хэрэглэх, хяналтын системийг боловсронгуй болгох, ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүний үзүүлэлт стандарт шаардлага хангаж буй эсэхэд үнэлгээ өгөх, орчин үеийн тоног төхөөрөмж бүхий лаборатори байгуулах, чадавхийг бэхжүүлэх шаардлагатай байгаа талаар оролцогсод өөрсдийн санал бодлоо илэрхийлж байв.
Түүнчлэн импортоор орж ирж буй пестицидын чанар, найрлагыг тодорхойлох боломж хязгаарлагдмал, зарим нь манай оронд туршигдаагүй, мөн хэрэглэгчдийн пестицидын талаарх мэдлэг, мэдээлэл хязгаарлагдмал, чанарын шаардлага хангахгүй пестицид, тэдгээрийн сав баглааг устгах, устгалын цэг байхгүй, жагсаалтад ороогүй нэр, заавар нь үл мэдэгдэх пестицид орж ирэх зэрэг нь өнөөдөр тулгамдаж буй асуудал болоод байгаа аж.
Мөн шинээр батлагдан мөрдөгдөж байгаа хүнсний хуулиуд, дүрэм, журамтай уялдуулан улс хооронд хийгдсэн гэрээ хэлэлцээрүүдэд нэмэлт өөрчлөлт оруулах, дээрх хуулиудтай нийцүүлж өмнө нь мөрдөгдөж байсан Засгийн газрын тогтоол болон салбарын сайдын тушаалаар батлагдсан холбогдох журам, заавруудад нэмэлт, өөрчлөлт оруулах, сүлжээ лабораторийн тогтолцоог бүрдүүлэх арга хэмжээ цаашид авч ажиллах нь чухал байгаа гэлээ.
Иймд цаашид Үндэсний ургамал хамгааллын байгууллагатай болох, пестицидын чанар, найрлага, үйлчлэх бодисын хувийг тогтоох, тодорхойлох лабораторын тоног төхөөрөмж, боловсон хүчнийг бэлтгэх, хугацаа хэтэрсэн пестицид, сав баглааг устгах, устгалын цэг байгуулах, олон нийт, тариаланчдад пестицидын талаарх мэдлэг, мэдээллийг ухуулах сургалт, сурталчилгаа, гарын авлага, танилцах хуудас тараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь чухал байгаа талаар илтгэлд дурдагдлаа.
Хэлэлцүүлгийн төгсгөлд Байнгын хорооноос уг асуудлын хүрээнд харьяа байгууллага, яам, төрийн болон төрийн бус байгууллага, хэрэглэгчдэд хандсан найман чиглэлээр Зөвлөмж гаргахаар тогтлоо.