УИХ-ын гишүүн Ж.Батзандан Европын сэргээн босголт хөгжлийн банкны Суурин төлөөлөгчтэй уулзав
Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан өнөөдөр /2015.01.21/ Европын сэргээн босголт хөгжлийн банкны Суурин төлөөлөгч Маттью Лө Бланыг хүлээн авч уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан ярилцаж, санал солилцов.
Европын сэргээн босголт хөгжлийн банк нь Монгол Улсад 2006 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нийт 727 сая еврогийн хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэж ажилласан байна. Өнгөрсөн хугацаанд 522 сая ам.долларын урт хугацааны шууд хөрөнгө оруулалт болон санхүүжилтийг хувийн хэвшлийн компаниудад олгосон. Мөн уул уурхай, түүний бэлтгэн нийлүүлэлт, сэргээгдэх эрчим хүч, агробизнес, ноолуур, жижиглэнгийн худалдаа, санхүүгийн салбарт 45 төслийг хэрэгжүүлсэн талаараа ноён Маттью Лө Блан танилцуулав.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан Европын сэргээн босголт хөгжлийн банк 5 дугаар цахилгаан станцад хөрөнгө оруулалт хийхээр болсонд талархаж буйгаа илэрхийлээд, Монгол Улсын эдийн засаг хямралтай өнөөгийн үед Монголын жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжсэн хүү багатай урт хугацаатай зээлийг аж ахуй нэгжүүдэд түлхүү олгохыг хүссэн юм .