Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжлээ
Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр /2015.01.20.Мягмар гараг/ 12 .00 цагт 43 гишүүн хүрэлцэн ирснээр 56.6 хувийн ирцтэй эхэлж,Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухайхуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.Засгийн газар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж энэ сарын 15-ны өдөр өргөн барьсныг УИХ-ыэ холбогдох Байнгын хороодын болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн. Уг хуулийн төсөлд Хөгжлийн банк болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлэх төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний санхүүжилтийг төсөвт тусгах тохиолдолд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.2-т заасан нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлыг 2015 онд тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний 5 хувь, 2016 онд тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний 4 хувь, 2017 онд тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний 3 хувь, 2018 оны төсвийн жилээс эхлэн тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний 2 хувиас тус тус хэтрэхгүй байхаар тусгажээ. Мөн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.4-т заасан өрийн тусгай шаардлагын дагуу өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн улсын өрийн хэмжээ 2014 оны жилийн эцсийн хүлээгдэж буй гүйцэтгэлээр ДНБ-ий 55 орчим хувьд гарахаар байгаа тул өрийн тусгай шаардлагыг хуульд заасан ДНБ-ий 40 хувьд хүргэх шилжилтийн зохицуулалтыг хуульд тусгах зайлшгүй шаардлагатай гэж үзсэн байна. Энэ үүднээс өрийн тусгай шаардлагыг хангахын тулд улсын өрийн ДНБ-д эзлэх хувь хэмжээг үе шаттайгаар бууруулан 2018 оны төсвийн жилд хуульд заасан ДНБ-ий 40 хувьд хүргэж бууруулах зохицуулалтыг төсөлд тусгажээ.
Харин Төсвийн байнгын хорооны энэ сарын 16-ны өдрийн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад УИХ дахь МАН-ын бүлэг уг хуулийн төслийн өрийн таазын хувь хэмжээ болон үйлчлэх хугацааны талаар маргаантай асуудлууд, ойлголтын зөрүү байгаа тул нэгдсэн шийдвэрт хүрсний дараа дахин хэлэлцэх шаардлагатай гэсэн үндэслэлээр завсарлага аваад байсан бөгөөд тус Байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Ганхуяг танилцуулсан юм.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, Б.Бат-Эрдэнэ, Ч.Улаан нар Байнгын хорооны дарга болон Сангийн сайдаас асуулт асууж тодруулсны дараа Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулав.
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Төсвийн байнгын хорооноос зарчмын зөрүүтэй 3 санал гаргаснаас хоёр нь хуулийн төсөлд тусгагдаагүй асуудлыг хөндсөн учраас санал хураалгах шаардлагагүй гэдгийг хуралдаан даргалагч мэдэгдээд үлдсэн нэг саналын томьёоллоор санал хураалт явуулахаар болов. УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Дэмбэрэл, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, Ц.Даваасүрэн нарын гишүүд улсын нийт өрийн ДНБ-д эзлэх хувь хэмжээг 2015 онд одоо байгаа хэмжээнд нь буюу 58.3 хувь байхаар төсөлд тусгах нь зүйтэй гэсэн санал гаргасан нь Төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авч чадаагүй аж. Ингээд Байнгын хорооны дэмжээгүй саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 49 гишүүний 45 нь буюу 91.8 хувь нь татгалзсан санал өгснөөр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн "улсын нийт өрийн ДНБ-д эзлэх хувь хэмжээг 2015 онд 60.0 хувь" гэснийг “58.3 хувь” гэж өөрчлөхөөр болж хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.
Чуулганы нэгдсэн хуралдааны дундуур Төсвийн байнгын хороо хуралдаж хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов. Мөн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналыг чуулганы хуралдаанд оруулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.