Гацууртын ордын тухай асуудлыг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганы /2015.01.16/ нэгдсэн хуралдаан 14.50 цагт гишүүдийн 51,3 хувийн ирцтэйгээр эхэлсэн. Өнөөдөр хуралдах байсан Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Төсвийн тодотгол, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн анхны хэлэлцүүлэг, Төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэж санал, дүгнэлтээ чуулганы хуралдаанд оруулж хэлэлцүүлэх байсан ч амжаагүй.
Иймд эдгээр асуудлууд ирэх долоо хоног руу шилжиж Мягмар гарагт ээлжит бус төлөвлөгөөгүй чуулганы хуралдаан хийхээр болж байна. Түүнчлэн Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг Төсвийн байнгын хорооны хуралдаанаас 5 хоногийн завсарлага авсан. УИХ-ын даргын зүгээс ирэх долоо хоногийн Мягмар гаригт Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж, Төсвийн хуулиудыг батлах чиг барьж байгааг дуулгаж, МАН-ын бүлгийг энэ хугацаанд асуудлаа шийдсэн байхыг онцолсон юм.
Өнөөдрийн чуулганы хуралдаанаар төсвийн тодотголоос бусад бэлэн болсон дөрвөн асуудлыг хэлэлцлээ. Чуулганы хуралдаанаар эхлээд Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 08 дугаар дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар танилцуулав. Ингэснээр чуулганы хуралдаанаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй танилцлаа. Танилцуулгатай холбогдуулан асуулт асуух гишүүд байсангүй. Улсын Их Хурлын Дэгийн тухай хуулийн 32.2.10-д энэ хуульд заасан холбогдох албан тушаалтны талаар Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн дүгнэлт гаргасан бол энэ тухай дүгнэлтийг Байнгын хороодын хуралдаанаар хэлэлцүүлэхгүйгээр шууд нэгдсэн хуралдаанд танилцуулах бөгөөд энэ тохиолдолд асуулт хариулт, санал шүүмжлэл, санал хураалт явуулахгүй гэж заажээ.
Үүний дараа “Тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”/Засгийн газар 2014.05.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, Гацууртын ордын тухай/ тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Уг асуудлаар Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс эвсэл”-ийн бүлэг нэгдүгээр сарын 08-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаас ажлын 5 хоног завсарлага аваад байсан юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Батцэрэг үг хэлсэн. Тэрбээр, завсарлагааны хугацаанд бүлэг дээр асуудлыг ярилцаж тодруулах зүйл байна гэж үзсэн. Энэ нь Гацууртын үндсэн ордын талбай, археологийн үнэтэй олдвороор баялаг Ноён уулын бүсэд их ойрхон юмуу, зарим талаараа давхцалтай байдаг тухай иргэд, зарим мэргэжлийн хүмүүсээс мэдээлэл ирж байгаатай холбогдуулаад бүлэг дээр Г.Уянга гишүүнээр ахлуулсан Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн зарим гишүүд маргааш газар дээр нь очиж орон нутгийн иргэд, мэргэжлийн хүмүүстэй уулзах ажил зохион байгуулах гэж байна гэв. Мөн олдвор явуулах талбай, археологийн олдвороор баян Ноён уулын талбай хоёрын давхцал ямар байгаа болон эсвэл давхцал хоорондоо зайтай байна уу гэдгийг тодруулах, мөн хөрсний болон цэвдгийн судалгаа хийсэн эсэх, Соёлын өвийн тухай хуулийн зарим зүйл, заалт газар дээрээ хэрхэн хэрэгжиж байгаатай танилцах шаардлагатай гэж үзэж байгаа гэлээ.
Дараа нь тогтоолын төслийн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг танилцуулав.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ц.Даваасүрэн, Л.Цог, Г.Уянга, Ж.Энхбаяр нар асуулт асууж хариулт авлаа. Гишүүд асуулт асууж дууссаны дараа Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсныг дэмжиж тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.
Мөн хуралдаанаар Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ. Төсвийн байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнээс Улсын Их Хурлын гишүүн Ж.Эрдэнэбатыг чөлөөлөх, Улсын Их Хурлын гишүүн Д.Сумьяабазар, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарыг тус тус дэд хорооны бүрэлдэхүүнд оруулах, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс Улсын Их Хурлын гишүүн Я.Санжмятавыг дэд хорооны бүрэлдэхүүнд оруулах санал ирүүлснийг тус тус дэмжсэн байна. Ингэснээр Байнгын хорооны саналаар Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнээс Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт, Л.Гантөмөр, Ж.Эрдэнэбат нарыг чөлөөлөх, оронд нь Ч.Хүрэлбаатар, Я.Санжмятав, Д.Сумьяабазар, Б.Чойжилсүрэн нарыг дэд хорооны бүрэлдэхүүнд оруулах санал хураалтыг гишүүдийн олонх дэмжлээ.
Үүний дараа Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэв. Өргөдлийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан танилцууллаа. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Д.Ганбат, Б.Бат-Эрдэнэ нар нэр дэвшигчээс асуулт асууж хариулт авсан. Ингээд Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгээс гаргасан саналын дагуу Өргөдлийн байнгын хорооны даргаар О.Баасанхүүг сонгохыг дэмжсэн санал хураалтыг гишүүд 94,3 хувиар дэмжив. Мөн Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар томилогдсон тул Улсын Их Хурлын гишүүн Р.Бурмааг Өргөдлийн байнгын хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөх саналыг дэмжлээ.