УИХ-ын эмэгтэй гишүүд төрөх эмнэлгүүдийн үйл ажиллагаатай танилцлаа
Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг, З.Баянсэлэнгэ, Д.Сарангэрэл нар өнөөдөр /2015.01.16/ Монгол Улс гурван сая дахь иргэнээ хүлээн авах гэж буйтай холбогдуулан нийслэлийн II, III дугаар төрөх эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа.
Нийтдээ 300 мянга гаруй хүн амтай нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрладаг III дугаар төрөх эмнэлэг нь өнөөдөр 45 ортой, 32 эмч, 118 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байгаа хэмээн тус эмнэлгийн дарга Д.Бат Очир танилцуулсан юм. Мөн тэрээр эмнэлэг хэт ачаалалтай ажиллаж байгаагаас үүдэн ихээхэн эрсдэл бүхий нөхцөл байдлууд үүссэн хэмээн дуулгав. 2012 онд УИХ дахь эмэгтэй гишүүдийн санаачилга, дэмжилгээр шинэ төрөгсдөд зориулсан хэрэгслийн цомог ашиглаж эхэлсэн. Харин 2015 оны төсөвт эм, эмнэлгийн хэрэгслийн зардлуудыг тодорхой хувиар танаснаас үүдэн багагүй бэрхшээл үүсээд байгаа гэв.
Эмнэлгийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнчимэг “Монгол Улс 10-аад хоногийн дараа гурван сая дахь иргэнээ хүлээн авна гэсэн мэдээлэл бий. Засгийн газраас энэ үйл явдлыг тэмдэглэн өнгөрүүлэхээр холбогдох тогтоол шийдвэрүүд гарсныг та бүхэн мэдэж байгаа. Хүн хүч, нөөц бололцоо хүрэлцээгүй энэ нөхцөлд төрөх эмнэлгийг гал алдуулахгүйгээр ажиллуулж байгаа нь төр, аливаа нэг Засгийн газрын гавьяа биш. Харин эмнэлгийн эмч, ажилтан та бүхний гавьяа юм. 2015 оны улсын төсөвт III дугаар төрөх эмнэлгийн дуусаагүй барилгын үлдэгдэл 1.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хассан байгаа. Энэ мөнгийг, төсвөөс танагдсан эм тариа, эмнэлгийн хэрэгслийн гэх мэт зардлуудыг тодотгол хэлэлцэх үеэр төсөвт тусгуулах тал дээр анхаарч ажиллана” гэв.
III дугаар төрөх эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсаны дараа Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг, З.Баянсэлэнгэ, Д.Сарангэрэл нар төрөөс хүн амаа өсгөх, төрөлтийг дэмжих олон бодлого явуулсаар байгаа атлаа шинэ иргэнээ хүлээж авах төрөх эмнэлгүүддээ огт хөрөнгө оруулалт хийхгүй байгааг тэмдэглээд, Засгийн газрын анхаарлыг энэ асуудалд хандуулахаар УИХ-ын эмэгтэй гишүүд ажилласаар байх болно гэлээ.
Үүний дараа нийслэлийн II дугаар төрөх эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлсан юм. Нийслэлийн II төрөх эмнэлэг гурван сая дахь иргэнийг хүлээн авахаар бэлтгэлээ базаасан. Нэг эмч жилд 100 хүнд үйлчлэх стандарттай ч өнгөрсөн 2014 оны байдлаар нэг эмч 627 хүнд үйлчилж байгаа талаар тус эмнэлгийн дарга Б.Оюунханд Улсын Их Хурлын эмэгтэй гишүүдэд танилцуулав.
Мөн эмнэлгийн ачаалал их байгаа ч дотоод нөөц, бололцоогоо дайчлан үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа гэв. Тус эмнэлгийн барилгын ашиглалтын хугацаа дууссан гэдгийг мэргэжлийн байгууллагаас удаа дараа анхааруулж байгаа. Харин нөхцөл байдлаас үүдэн шаардлага хангахгүй байранд өнөөдрийг хүртэл Монгол Улсын шинэ иргэдийг хүлээн авсаар байгаагаа тайлбарлан, холбогдох байгууллагуудын анхаарлыг энэ асуудалд хандуулж, түргэн шийдвэрлүүлэх тал дээр Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийг дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм.